Хар тамхи хэрэглэсэн 24 иргэний хоёр нь герман иргэн байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол, Чингэлтэй дүүрэгт ажиллаж буй хоёр шөнийн цэнгээний газарт энэ сарын 6-7-нд шилжих шөнө хийсэн шалгалтаар 21-41 насны 24 иргэн хар тамхи хэрэглэсэн байсныг илрүүлсэн тухай ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэв. Тэдгээрийн 2 нь Герман улсын иргэн байжээ.
Цагдаагийн алба хаагчид шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан нийт 87 иргэнд мансууруулах бодис илрүүлэх тест тавьж шалгасан бөгөөд таван иргэн биедээ хар тамхи хадгалж байсныг мөн илрүүлсэн байна. Хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон 24 иргэн, биедээ хадгалж байсан таван иргэнээс гадна тэдгээр шөнийн цэнгээний газарт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Чингэлтэй дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газрын эзэн Г нь өөрөө хар тамхи хэрэглэж, хадгалсан бөгөөд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүсийг чөлөөтэй нэвтрүүлж байжээ. Тэрбээр 2016 онд хар тамхи хадгалсан хэргээр торгуулийн ял эдэлж байсан аж. Харин Герман улсын хоёр иргэн нь тус цэнгээний газарт "DJ" хийхээр хүрэлцэн ирсэн байжээ.
ЦЕГ-ын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас шөнийн цэнгээний газрыг шалгах ажлаа тогтмол үргэлжлүүлнэ гэж мэдээллээ.