“Өвөрхангайчууд Өвөрхангайчууддаа” аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагтай хүүхдийн сайн сайхны төлөө 17 жил хамтран ажилласан “Дэлхийн зөн – Монгол” ОУБ-аас “Өвөрхангайчууд Өвөрхангайчууддаа” сэдэвт хүүхэд ивээх хөтөлбөрийг эхлүүллээ.
Хөтөлбөр хугацаагүй бөгөөд хэн ч сайн дураар хамрагдаж болохоороо онцлог юм. Тодруулбал, ивээн тэтгэгч бүр сард 25 мянган төгрөгийн хандив өгч, түүгээр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа 400 гаруй хүүхдийг ирээдүйдээ итгэлтэй, оюунлаг, баялаг бүтээгч иргэн хүн болоход нь бүх талаар тусалж, дэмжиж, хөгжүүлж ажиллана.
Хөтөлбөрийн зохицуулагч А.Өнөржаргал хэлэхдээ “Бид гадны хандив, тусламж зогслоо гээд хаалгаа барьж болохгүй. Монголчууд яагаад заавал гадныхны дэмжлэг, тусламжийг хараад сууж байх ёстой гэж. Нутаг орныхоо хөгжил дэвшил, хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө өөрсдөө гар бие оролцож, хувь нэмрээ оруулъя гэсэн уриалгыг дэвшүүлж байна” гэв.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж нар хөтөлбөрт ивээн тэтгэгчээр нэгдлээ.