Сургуулийн тогооч нар мэдлэгээ дээшлүүлж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-11 13:36:10

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, дотуур байрны ахлах тогооч нарт онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж байна.  

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын мастер тогоочдын холбоо, Боловсрол соёл урлагийн газартай хамтран энэ сарын 9-нөөс эхлүүлсэн сургалт тав хоног үргэлжилнэ. Тус сургалт нь хүүхдийн хооллолтын талаарх эрх зүйн актууд, хүүхдийн хоол бэлтгэх технологи ажиллагаа, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн тогооч нарын нийгмийн баталгааг сайжруулах үүднээс мэргэшлийн зэрэг олгох ажил ч мөн үеэр өрнөх аж.

Сургалтад Баянхонгор сумын “Үдийн цай” хөтөлбөр эрхлэгч аж ахуйн нэгж болон бүх сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тогооч нар хамрагдаж байна. Сургагч багшаар Монгол Улсын мастер тогооч Б.Өнөрзул, П.Цэрэнпагма, аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ