Асгат сум ус цэвэршүүлэх үйлдвэртэй болов

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-09-11 16:55:52

Завхан /МОНЦАМЭ/Завханы Асгат суманд УИХ-ын гишүүн Я.Санжмятавын дэмжлэгээр БНСУ-ын 100 сая воны хөрөнгө оруулалтаар ус цэвэршүүлэх төхөөрөмж бүхий цэвэр усны үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. 

Хөдөө орон нутагт тэр дундаа ундны усны асуудал ихтэй Асгат сумынхан ийнхүү эрүүл ахуйн шаардлага хангасан усыг ундандаа болон хэрэглээндээ ашиглах боломжтой болжээ. Учир нь тус сумын ундны ус нь хатуулаг ихтэй, тиймээс хүн амын дунд янз бүрийн өвчлөл их гардаг аж. Тухайлбал гэдэсний халдварт өвчин, үс цайх, унах гэх мэт өвчлөл бусад сумаас харьцангуй их гарах төлөвтэй байдаг байна. 

Дээрх тоног төхөөрөмжийг суурилуулахын өмнө тухайн бүс нутгийн уснаас шинжилгээ авахад магнийн хэмжээ их байгаа нь үс цайх өвчлөлийг нэмэгдүүлж байна. Тиймээс элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл буюу шүүсэн усыг иргэддээ хэрэглүүлэхийн тулд тэдний санал хүсэлтээр энэхүү тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтад өгөөд байна. Ийнхүү алслагдсан сумын иргэдийн эрүүл цэвэр усны хэрэгцээ хангагдаж байгаа нь сайшаалтай хэмээн нээлтийн үеэр удирдлагууд дуулгалаа.

Энэхүү төхөөрөмж нь гүнээс гарч ирсэн чанар муутай усыг олон шат дамжлагаар цэвэршүүлж ундны болон хэрэглээний гэсэн хоёр түвшинд ялгаж өгөх юм байна. Цаашид сумын иргэдийн хэрэглээний болон, ундны усны хэрэгцээг бүрэн хангахаас гадна хөрш зэргэлдээ сумдыг ч цэвэр усаар хангах боломжтой ажээ.

Дашрамд дуулгахад, дээрх ус цэвэршүүлэх төхөөрөмж бүхий үйлдвэрийг Шилүүстэй суманд байгуулахаар төлөвлөж байгаагаа албаныхан дуулгав. 

Холбоотой мэдээ