Москва хотноо “Монголчууд: уламжлал ба орчин үе” бага хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-09-12 09:32:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголчууд: уламжлал ба орчин үе” олон улсын бага хурал энэ сарын 11-нд ОХУ-ын Москва хотын Оросын хүмүүнлэгийн улсын их сургуульд эхэллээ.


Бага хурлыг Оросын хүмүүнлэгийн улсын их сургуулийн Ардын аман зохиолын төрөл, дүрслэлийг судлах төвийн эрдэм шинжилгээний удирдагч С.Ю.Неклюдов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар нээж, үг хэлэв. Тухайлбал, Оросын Хүмүүнлэгийн их сургуульд 1990 оноос монгол хэлний мэргэжилтэн бэлтгэхийн сацуу монгол судлалыг хөгжүүлж буйг профессор С.Ю.Неклюдов хэлсэн үгэндээ онцоллоо.


Гурван өдөр үргэлжлэх хурлыг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Оросын Хүмүүнлэгийн улсын их сургуулийн Ардын аман зохиолын төрөлжилт, дүрслэлийг судлах төв, Эдийн засгийн дээд сургууль, Үндэсний судалгааны их сургуулийн Эртний болон сонгодог дорно дахин судлалын хүрээлэн, Эстони Улсын Тартугийн их сургуулийн Эстони болон харьцуулалтын аман зохиолын тэнхим хамтран зохион байгуулж байна. Хуралд Монгол судлалын чиглэлээр дагнан ажилладаг Москва, Санкт-Петебург, Улаан-Үд, Элиста хот дахь эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд, МУИС, Москвагийн Улсын их сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академи, Польш, Франц, Швейцар, Хятад, Эстони, Чехийн эрдэмтэд, монгол судлаачид оролцож байна.

Холбоотой мэдээ