“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-12 16:02:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.


Төсөл санаачлагчийн илтгэлийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй  "Өргөтгөсөн санхүүжилт"-ийн хүрээнд дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар  харилцан тохиролцсон. Энэ хүрээнд төсвийн тогтвортой байдлыг сэргээх нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих гэсэн гурван чиглэлээр нийт 33 бодлогын арга хэмжээг авахаар тохирсон юм. Хөтөлбөрийн хүрээнд 9 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр, эхний санхүүжилт болох 120 сая ам.долларын төсвийн дэмжлэг 2017 оны 10 дугаар сард улсын төсөвт орж ирсэн. Хоёр дахь шатны хүрээнд авч хэрэгжүүлэхээр тохиролцсон бодлогын 10 арга хэмжээг Сангийн яам, ГХЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк тус тус хариуцан хэрэгжүүлж байна. Үүний санхүүжилт болох 80 сая.ам долларыг Олон улсын хөгжлийн ассоциацаас, 20 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж байна. Санхүүжилтйийн нөхцөлийн тухайд зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, эхний таван жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Хөгжлийн банкнаас авч буй  зээлийн хүү 1.25 хувь, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хүү "LIBOR+0.89"  хувь болно гэж байлаа.  


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хэлэлцээр, зээлийн гэрээний төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь зөвшилцөхийг дэмжсэн. Иймд хэлэлцээр, зээлийн гэрээний төслийн зөвшилцөхтэй холбоотой Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Улаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болов.

Холбоотой мэдээ