Алтны нөөц шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэй

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-13 10:21:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны эхний найман сард 9.6 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 2.5 тонноор бага буюу 21 хувиар буурчээ.

Өнгөрсөн онд Монголбанк 22 тонн алт худалдан авч, гадаад валютын нөөцийг 800 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Харин энэ онд үнэт металлын худалдан авалт 20 тонн хүрэх эсэх нь эргэлзээтэй байна.

Дэлхийн худалдааны дайнтай холбоотой томоохон төв банкууд валютын нөөцөөс татгалзаж алт нөөцөлж эхэлсэн. Манай улс мөн энэ жишгийг дагаж байгаа ч Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 5 хувь болж хоёр дахин нэмэгдсэнээс гадна олборлолт буурсантай холбоотой алт тушаалт буурч байна. Энэ нь гадаад валютын нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлдэг алтны нөөц шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл учруулж байгаа юм.

Өнгөрсөн наймдугаар сард Монголбанкны 1 грамм алт худалдаж авах дундаж үнэ 128 мянган төгрөг байлаа.

Холбоотой мэдээ