Байдлыг хурцатгах ажиллагаа явуулахгүй байхыг БНХАУ-аас хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-08 14:12:39

ХАНОЙ. /VNA/. Тонкины булангаас “Haiyang Shiyou 981” газрын тосны өрөмдлөгийн цамхгаа татан шилжүүлж, өрөмдлөгийн ажлаа зогсоохыг Вьетнам улс БНХАУ-аас хүслээ гэж Вьетнамын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ли Хай Бинь мэдэгдэв. 

Тонкины булангийн усанд өрөмдлөг хийхээр БНХАУ нефтийн өрөмдлөгийн цамхгаа илгээж байгаад Вьетнам ямар хариу арга хэмжээ авч байгаа тухай сэтгүүлчид түүнээс асуусан байна.

Тэрбээр хариулахдаа "Хятадын өрөмдлөгийн цамхаг энэ сарын 3-наас хойд өргөргийн 17 градус 3 минут 12 секунд, зүүн уртрагийн 110 градус 4 минут 18 секундад байрлаж байгаа. Энэ хэсгийг зааглах талаар Вьетнам болон БНХАУ хэлэлцэж байгаа" гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр “байдлыг хурцатгах ийм үйл ажиллагаа явуулахгүй байж, Дорнод тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулахыг бид БНХАУ-аас хүсч байна. Вьетнам дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн энхийг эрхэмлэсэн арга хэмжээ авах замаар тухайн нутаг дахь өөрийн хууль ёсны ашиг сонирхол, эрхээ хамгаалж байна" гэж мэдэгдэв.

Энэ сарын 5-нд Вьетнамын Гадаад хэргийн яам Ханой дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчтэй уулзах үеэрээ Хятадын талд нот бичиг гардуулж, БНХАУ-ын явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ