Төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-13 16:28:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгалаа.


Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх, цаашид хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, иж бүрэн санхүүгийн шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ чуулганд танилцууллаа.


Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал бүрэн арилаагүй тул онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай хэмээн үзэж, тогтоолын төсөл боловсруулжээ. Уг тогтоолыг чуулганд оролцсон гишүүдийн 73.8 хувийн саналаар батлав.


“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ энэ оны эхний 342.3 мянган тонн зэсийн баяжмал, 3.0 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэж, 1.2 их наяд төгрөгийн орлого олж, зардлыг 5.6 хувиар бууруулжээ. Ингэснээр 281.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн улс, орон нутгийн төсөвт 2019 оны эхний 7 сарын байдлаар нийт 647.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь 2018 оны мөн үеийнхтэй харьцуулахад, 134.8 хувиар буюу 167.2 тэрбум төгрөгөөр илүү аж. “Монголросцветмет" ТӨҮГ 2019 оны эхний хагаст үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөг ханган биелүүлж, 22.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, төсөвт 20.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Холбоотой мэдээ