Маргаантай байсан 300 га газрыг цуцлах шийдвэр гарчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-09-16 10:12:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Шаамар сумын иргэдийн гомдлын мөрөөр маргаантай байсан 300 га газрыг хууль тогтоомжийн хүрээнд  цуцлах шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга М.Баярбаатарт үүрэг болгожээ.  

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ-ын 2018.12.14-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга 2019.02.01-ний өдрийн А/12 дугаар захирамж гарган дуудлага худалдаа явуулахад “Сэлэнгэ үндэс” ХХК шалгарч уг газрыг авч, гэрээ байгуулан газар эзэмших эрхтэй болсон байна. Гэвч 2019.03.11-ний өдөр “Сэлэнгэ үндэс” ХХК нь Лиу Хэшун захиралтай “Хэшун агро” ХХК-д компанийхаа 50 хувийг шилжүүлсэн нь “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 3.1.5-д зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болсон аж.

Энэ нь “Газрын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар газар эзэмших эрхгүй болж, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д зааснаар зөвхөн ашиглахаар болсон байна. “Сэлэнгэ үндэс” ХХК-ийн энэхүү үйлдлээс болж Шаамар сумын Засаг дарга гадаад эзэнтэй компанид газар олгосон мэтээр буруу ойлголтыг ард иргэдэд төрүүлэн ийн бухимдал үүсгэн жагсаал хийхэд хүргэжээ. 

Холбоотой мэдээ