"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд 70 орчим иргэн, ААН оролцож байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-16 16:12:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын салбар танхим, "Дэлхийн зөн-Монгол" олон улсын байгууллага хамтран "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааг өнөөдөр Өлгий хотноо зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд тус аймагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд, малчид өөрсдийн тарьж ургуулсан жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо болон цагаан идээ, шилмэл үүлдрийн малаа танилцуулж байна.

"Энэ жил аймгийн хэмжээнд 3600 тонн төмс хураан авах төлөвлөгөөтэйгөөс одоогийн байдлаар 2800 тонныг, 1500 тонн хүнсний ногоо хураахаас 900 гаруй тонныг тус тус хураан аваад байна. Мөн 100 орчим тонн чацаргана, алим болон бусад төрлийн жимс хурааж авсан. Жимсний хувьд бол өнгөрсөн жилүүдийнхээс нэмэгдсэн байгаа. Одоогоор аймгийн нийт төмсний хэрэгцээний 70 хувь, хүнсний ногооны 20 хувийг орон нутгийн хөрсөнд ургасан бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэж байна. Тийм учраас тариаланчдын маань ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд шууд хүргэх, сурталчлах, худалдан авагчидтай холбох зорилгоор өнөөдрийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа" хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан хэллээ.

Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтан зохион байгуулсан энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд аймгийн төв болон хөдөө сумдаас 70 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцож бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөө орой хүртэл үргэлжилнэ. 

 

Холбоотой мэдээ