Цэвэр усны алдагдал 40 орчим хувьд хүрэх нөхцөл үүссэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-09-19 11:27:06

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “ Ундны усны аюулгүй байдал” сэдэвт  зөвлөгөөнийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Дархан-Уул аймгийн ЗДТГ, “Дархан Ус Суваг” ХК хамтран Хонгор суманд  зохион байгууллаа.Тус зөвлөгөөнөөр хот суурин газрын болон тэр дундаа Дархан хотын ундны усны аюулгүй байдлыг хэрхэн хангах, цаашид гадны хүчин зүйлээс хэрхэн хамгаалах талаар хэлэлцлээ.

Ундны усны аюулгүй байдоыг алдагдуулж буй зарим зүйлд хүний болон техникийн хүчин зүйл ихээхэн нөлөөлдөг аж. Гол мөрний ойролцоо, зөвшөөрөгдсөн хэсгээс дотогш хэтэрч уул, уурхай, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зэргээс болж хөрсний бохирдол үүсэх, гүний цэнгэг усыг шууд ашиглах зэрэг нь байгальд сөргөөр нөлөөлдөг аж. Мөн нөгөөтэйгүүр инженерийн төвлөрсөн шугам сүлжээг шинэчлэх нь иргэдийн цэвэр ус хэрэглэх цаашлаад аюулгүй байдлыг хангах нь чухал гэж үзэж байна.

100 гаруй мянган хүн амтай Дархан хотын 60 гаруй хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдардаг. Харин гэр хорооллын тодорхой хэсэг нь төвлөрсөн шугамд холбогдож үлдсэн айл өрхүүд зөөврийн ус түгээх байраар үйлчлүүлдэг юм. Тиймээс ундны усны аюулгүй байдалд анхаарал хандуулан энэ өдрийн зөвлөгөөнийг холбогдох мэргэжлийн байгууллагуудыг хамруулан зохион байгуулж байгаа ажээ.

Дархан-Уул амйгийн тухайд 58 жилийн тэртээгээс усан хангамж, ариутгах татуургын системийг ашиглаж эхэлсэн, шугам сүлжээний насжилт 26-51 жил болж байгаа юм. Ингэснээр цэвэр усны алдагдал 40 орчим хувьд хүрэх нөхцөл үүссэн гэж зөвлөгөөний үеэр мэргэжлийн байгууллагууд онцолж байлаа. Мөн хүн ам нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ тэр хэмжээгээр нэмэгдэх учраас ундны усаа хамгаалах түүнд дэмжлэг үзүүлэх “Дархан хотын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө” боловсруулан баталж зөвлөл байгуулан ажиллаж байгаа аж. Зөвлөгөөнөөр гарсан шийдвэрийг нэгтгэж ажил хэрэг болгох, бусад төрийн болон төрийн бус байгуулгуудтай хамтран хяналт тавин ажиллах, иргэн бүрт ундны усны аюулгүй байдлын талаар мэдлэг олгох зэрэг ажлуудыг хийхээр болжээ.

 

 

Холбоотой мэдээ