Чулуун өвийн газрын хамгаалалтын бүсийг тогтоож, улсын бүртгэлд оруулна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-18 21:22:06

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 69 дүгээр тогтоолоор баталсан "Чулуун соёлын өв" үндэсний хөтөлбөрийг 2019-2024 оны хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар чулуу, Өндөр-Улаан сумын Их Жаргалантын буган чулуун хөшөөний цогцолборын хамгаалалтын бүсийг тогтоож, кадастр улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Энэ онд дээрх хоёр чулуун өвийн газрын хамгаалалтын бүсийг тогтоож, улсын бүртгэлд оруулна. Ирэх 2020 онд Тайхар чулууны бичээсийг цэвэрлэж, бэхжүүлэх, Тариат сумын Дадгын өвөлжөөний хүн чулуун хөшөөний хэвийг авч, хуулбар хийн хадгалах, Ихтамир сумын Алтан сандал уулын буган чулуун хөшөөний хэвийг авч, хуулбар хийн хадгалах ажлуудыг явуулах гэнэ. 2023 онд Хангай сумын Урт жалгын буган чулуун хөшөөний аюулгүй байдлыг хангах, Хашаат сумын “Хөшөө цайдам”-ын музейн барилга, байгууламжийг шинэчлэх зэрэг ажлыг хийх ажээ.

Таван жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд чулуун соёлын өвийг бүртгэн баримтжуулах, хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох гэсэн дөрвөн зорилтын 66 ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Архангай аймагт чулуун соёлын өвийн хамгаалалтын бүсийг тогтоож, кадастр улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг Соёлын өвийн үндэсний төв, Архангай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, музей, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар зэрэг байгууллага хамтран бүртгэж баримтжуулжээ.

Холбоотой мэдээ