Хөвсгөл аймагт “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжиж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-19 23:16:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Дэлхийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийн илүү чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн мэдээллийн ашиглалт болон нэгдмэл байдлыг сайжруулж, сонгогдсон эмнэлгүүдэд цахим шийдлүүдийг жишиг болгон хэрэгжүүлэх зорилготой “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжиж байна.  

Төслийн хүрээнд сум орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнууд компьютерийн хэрэглээг сайжруулах, чадваржуулах сургалтад хамрагдлаа. Цахим эрүүл мэнд төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн салбарт ашиглаж буй олон төрлийн эмнэлгийн мэдээллийн системүүдийг хооронд нь холбон мэдээлэл солилцох, харилцан уялдаатай ажиллахад шаардагдах нийтлэг хэлийг бий болгох зорилгоор олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн өгөгдлийн үндэсний стандарт, тайлбар толь бичгийг боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ.

Төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох цахим мэдээллийг багтаасан эрүүл мэндийн үндэсний мэдээллийн сан бий болж, эрүүл мэндийн даатгалын сантай шууд холбогдох юм. Үүний үр дүнд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн харъяалал харгалзахгүйгээр аль ч эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, даатгалын зохих хөнгөлөлт бүрэн эдлэх боломжтой болох ажээ.

 

Холбоотой мэдээ