Сэлбэ голын эргийг 800 гаруй залуу цэвэрлэж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-09-21 15:31:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд төдийгүй Монгол Улс, Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй хог хаягдлын асуудлыг бууруулах эрүүл зөв дадалтай хамт олон, өрх гэрийг бүтээх нийгмийн сэтгэхүйг өөрчлөх, иргэд олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэхэд чиглэсэн “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т төр, хувийн хэвшлийн 800 гаруй залуу нэгдлээ.


Анх 2007 онд Эстони улсад хэсэг залуус нэгдэн цэвэрлэгээний ажил зохион байгуулсан бөгөөд жилээс жилд өргөжин тэлсээр 2019 онд дэлхийн хүн амын таван хувийг татан оролцуулж 160 оронд нэгэн зэрэг эл өдрийг тэмдэглэж буй юм.

Энэ жил “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” төслийг БОАЖ-ын сайдын санаачилсан “Хоггүй цэвэрхэн Монгол” аян, Нийслэлийн Засаг даргын “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” захирамж зэрэг бичиг баримтын хүрээнд төр, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагууд хамтран энэ сарын 14-21-нд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд хог хаягдлын асуудлыг хөндөж байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, нийгмийн сэтгэхүйг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа түгээх, өсвөр насныхан, залуучуудад сургалт мэдээлэл өгөхөөс гадна төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд олон нийтийг оролцуулсан цэвэрлэгээ хийж байна. Тухайлбал, БОАЖЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба,  Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, Туул голын сав газрын захиргаа, Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо,  МCS Coco Cola, JCI Mongolia, Монголын барилгын үндэсний ассоциац, Монгол Улс дахь Эстони улсын өргөмжит консулын газар зэрэг төр хувийн хэвшил, оюутан залуус нэгдэж байгууллага, хамт олноороо цэвэрлэгээ хийж байна.

Энэхүү өдөрт  “Бид нэгдэж байна” уриатай 800 гаруй залуу 5 багт хуваарилагдан Сэлбэ гол орчмыг өнөөдөр цэвэрлэж байна. Ингэхдээ хог хаягдлыг гурван төрлийн шуудайнд ангилан дахин ашиглах боломжтой хогийг ялгаж хог боловсруулах үйлдвэрт ачуулж байна.


Холбоотой мэдээ