Монголын боксчдын чансаа өндөр байгааг Екатеринбургт баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-24 18:33:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо /2019.09.08-22/ болсон сонирхогчдын боксын ДАШТ-д оролцсон Монголын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нар өнөөдөр СТО дахь шигшээ багийн зааланд сэтгүүлчдийг хүлээн авч уулзав.


Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-д оролцсон 7 тамирчнаас “Рио-2016” олимпын V байрын шагналт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэж монголчуудаа баярлуулсан билээ.


Тэрбээр ДАШТ-ий мөнгөн медалийн төлөө Узбекистаны тамирчин, Азийн XVIII наадмын аварга /56 кг/ М.Миразизбектэй тулалдаж 5:0 /28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30/ гэсэн оноогоор ялагдал хүлээж ДАШТ-ий хүрэл медаль зүүсэн. Түүний энэ тулааныг монголчууд харсан, буруу шүүлтээс болоод үнэхээр харамсалтай ялагдсан.


ОУХМ Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааныг шүүх үеэр хажуугийн 5 шүүгч илэрхий булхайтай шийдвэр гаргаснаар Узбекийн тамирчинд ялалт өгсөн хэмээн тэнд байсан Монголын боксын холбооны удирдлагууд эсэргүүцлийн протест бичсэн ч хүлээж аваагүй юм.


“Токио-2020” олимп хаяанд ирсэн бөгөөд ирэх онд болох олимпын эрхийн тэмцээний өмнөх манай тамирчдын чансаа аль түвшинд байгаа болон бэлтгэл сургуулиа хэрхэн базаах талаар Боксын шигшээ багийн дасгалжуулагчдын сэтгэгдлийг авснаа та бүхэнд толилуулж байна.

Монгол Улсын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн: Манай боксчдын хувьд 2015, 2017 оны ДАШТ-д оролцохдоо Ази тивийн тэмцээнээс эрхээ авч байж орж байсан бол энэ жилийн ДАШТ-д эрх авахгүйгээр нээлттэй оролцлоо. Энэ тэмцээнээс харж байхад ирэх 2 дугаар сард БНХАУ-ын Уханьд болох олимпын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын тэмцээнээс манай тамирчид эрхээ авах боломж байгаа нь харагдлаа. Энэ ДАШТ-д 3 тамирчин медалийн төлөө өрсөлдөж, нэг нь алтын дайтай хүрэл медаль хүртлээ. Х.Энхмандах, Б.Чинзориг хоёрын хувьд Казахстан, Энэтхэгийн тамирчдыг илүүрхсэн боловч ялалтаа авч чадсангүй. Харин манай боксчдыг ялсан тамирчид нь ДАШТ-ээс медаль хүртлээ. Ухань хотод болох тэмцээний 52-63 кг жингийн тамирчдаас эхний 6 байр эзэлсэн тамирчид “Токио-2020” олимпын эрх авах юм. Тэгэхээр Уханьд болох тэмцээнээс эрх авах бүрэн боломжтой гэдэг нь харагдлаа. Олимпын жингийн өөрчлөлт гарсан нь манай тамирчдад нэлээд хүнд байлаа. Энэ бүхнийг давж гарахад МБХ-ны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Удирдах зөвлөлийн гишүүн Батбаяр, Энхболд, Чанцал нар баг тамирчиддаа бүх талаар дэмжин туслалж байдагт чин сэтгэлээсээ талархаж байна.


Шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ О.Батхүү: 20 дахь удаагийн ДАШТ-д бид амжилттай оролцоод ирлээ. Хөнгөн жингийн тамирчид тэмцээн дөхөөд ирэхээр хурд, хүчний дасгал, раундын кросс, интервал гээд хийх биш, тэмцээн болоогүй хол байсан ч бэлтгэл бүр дээр, үгүй ядахдаа долоо хоногт 2-3 удаа хийгээд явах хэрэгтэй. Ер нь байнга ийм бэлтгэлээ хийж байх нь хамгийн чухал. Ийм их ачаалалтай бэлтгэлийн үр дүнд хурд, хүчтэй болно гэдгийг онцгой анхаарч байх ёстой. Мөн сунгалтын дасгалууд чухал. Сэтгэл зүйн асуудал байна. Манай Цэндбаатарын хувьд, жингийн өөрчлөлт гарсан болохоор маш их тэсвэр, тэвчээр гаргаж байж амжилтад хүрлээ. Нийтдээ 10-аад кг хаслаа. Сүүлийн 5 кг жинг хасахад үнэхээр хүнд байсныг өдөр, шөнөгүй хамт байсан дасгалжуулагчийн хувьд нүдээр харлаа. Үнэхээр гайхалтай тэсвэр тэвчээр гаргасан, их ч ядарсан, энэ бүхнийг бие, сэтгэлийн тэнхээгээр давж гарлаа.  Орой 20-21 цагаас бэлтгэл дуусаад, жаахан унтаж амраад шөнө 24 цагаас бэлтгэл, үүрээр 5-6 цагт бэлтгэл хийж байлаа. Тэгээд өглөө 7-8 цагийн хооронд жин үзнэ. Ер нь манай хөнгөн жингийн тамирчид бүгд маш сайн тоглосон. Х.Энхмандахын хувьд, Казахстаны тамирчинтай энэ тэнцүү тоглосон. ДАШТ-ий 57 кг-д хүрэл медаль хүртсэн Э.Цэндбаатар маань энэ жиндээ орж чадлаа. Одоо өөрөө ч сайн ойлгож, мэдэрч байгаа учраас жингээ барих асуудал дээр онцгой анхаарах байх. Тамирчин хүний хувийн сахилга бат, хариуцлага өндөр байх ёстой. Үүнийг манай Цэндээ сайн ойлгож, байнгын өндөр бэлтгэлтэй, эрч хүч, хурдаа улам батжуулж, улам сайжруулна гэдэгт итгэж байна. Манай 52 кг жингийн Х.Энхмандахын хувьд, жингийн асуудал байхгүй. Мөн 63 кг-д Б.Чинзоригийн хувьд, жингээ маш сайн барьдаг, олон жилийн туршлагаараа хувийн сахилга бат өндөр байж ирсэн тамирчин. Одоо гарын бэртлээ сайн эдгээж авах нь чухал. Тэр энэ удаагийн ДАШТ-д маш сайн тоглосон. Одоо манай шигшээ багийнхан 10 хоног амарна. Тэднийг 12 дугаар сард УАШТ хүлээж байгаа. Хойтон 2 дугаар сард БНХАУ-д Азийн болон далайн орнуудын боксчдын олимпын эрх олгох тэмцээн байгаа. Дараа нь Францад бага дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын эрх аваагүй тамирчид эрх авах ийм л хоёр боломж байна. Хятадад болох тэмцээнд дайралт хийж манай тамирчид бүгд эрхээ авчих төлөвлөгөөтэй. Тэгээд эрхээ авсан тамирчид маань олимпын циклын үндсэн бэлтгэлээ хангаад “Токио-2020” олимпын өмнө болох 5-6 олон улсын уламжлалт тэмцээнд оролцоод явах төлөвлөгөө байгаа.

Шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Н.Баяраа: Миний хувьд, энэ жил Киргизийн ОУТ, Дэлхийн цом гэгддэг Германы Кёльн хотын олон улсын тэмцээнд тамирчидтайгаа явсан. Тэнд дэлхийн шилдэг боксчид очсон, манай тамирчдын ур чадвар, чансаа дэлхийн түвшинд хүрсэн байгааг тэнд харсан. Энэ ДАШТ-д ч манай тамирчид чансаа дээгүүр гэдгээ баталлаа. Харин шүүлтийн хувьд, бидний амжилтыг дарсан тохиолдол боллоо. Гэхдээ манай боксчид бэлтгэл сургууль, техник, тактикийн асуудалдаа илүү анхаараад явахад БНХАУ-ын Уханьд болох олимпын эрх олгох тэмцээнээс 3-5 эрх авах боломж харагдаж байна. Одоо өрсөлдөх тамирчдынхаа тоглолтын бичлэгийг судлах, тактик боловсруулах бүрэн боломж байна. Манай тамирчдын хувьд, өөрийнхөө тоглолтоор өрсөлдөгчөө ноёлж, удирдаж тоглох нь чухал. Тэдэнд ийм ур чадвар, хүч байгаа нь энэ тэмцээнээс харагдлаа.

-Манай баг тамирчдын сахилга бат, эв нэгдэл, багийн уур амьсгалын талаар та юу хэлэх бол?

-Манай боксын баг тамирчдын хувьд, сахилга бат, дэг журамтай байж, багш шавийн харилцаагаа дээдэлж, эв нэгдлээ эрхэмлэж  ирсэн сайхан уламжлалтай. Энэ бол бидний нэг том давуу тал гэж болно. Багш, дасгалжуулагч нь зөвхөн тамирчны бэлтгэл сургуулилтад анхаараад зогсохгүй, ар гэрт нь юу тохиолдсон, ямар баяр жаргал, зовлон бэрхшээл тохиолдов гэдгийг ямагт анхаарч, бие биедээ тусалж, санаа бодлоо хуваалцаж, сэтгэл зүйгээр дэмжиж байдаг. Тамирчид ч нэг нэгэндээ анхаарал халамж тавьж, өөрт тохиолдсон асуудлаа хамт олондоо хэлж, ойлгуулж, санаа бодлоо хуваалцдаг. Хамт олны ийм халуун дулаан уур амьсгал нь тамирчдын амжилтад чухал нөлөөтэйг манай бүх үеийн багш, дасгалжуулагч, тамирчид маань онцлон захидаг. Тэгээд ч МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн нар энэ асуудалд их анхаарч ажилладаг. Амжилтын төлөө бид хамтдаа зүтгэж байна даа. 

Холбоотой мэдээ