"Сарьдагийн хийдийн нууц"-ыг нээнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-25 15:54:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн нэгэн өв  “Сарьдагийн хийд”-ийн нууцыг нээсэн нь” үзэсгэлэн нээгдэхэд бэлэн болжээ. 

Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь нээн үзүүлэх “Сарьдагийн хийд” хэмээх цогц үзэсгэлэнг Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс санаачлан эрхэлж Монголын үндэсний музейд есдүгээр сарын 27-ны баасан гарагт нээлтээ хийнэ. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 онд 6 жилийн турш  Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншигийн эд зүйлс гэх мэт олон олдвор илрүүлсэн байна. Энэхүү олдворуудыг тоолж бүртгэн, сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлжээ. Тус судлаачдын баг Өндөр гэгээний Сарьдагийн хийдэд хийсэн зургаан жилийн малтлага судалгааны ажлаа маргааш ийнхүү цогц үзэсгэлэн болгон гаргана. 

Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн музей, лабораторид 2014-2015 онд илэрсэн шашин шүтлэгийн холбоотой  10 гаруй төрлийн 1000 орчим олдворыг сэргээн бэхжүүлж музейн үзмэр болгон олон нийтэд үзүүлэхэд бэлэн болжээ. Энэ үеэр Богд хааны Ордон музейн сан хөмрөгөөс алдарт Ногоон дара эх 300 жилийн тэртээд байсан язгуурын 1000 бурхадтай нь тавих юм байна. Мөн Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээний холбоотой дурсгалуудыг үзэсгэлэнд дэлгэн сонирхуулах төдийгүй Европт хэрэглэж байсан нарны цаг, Оросын буу, Энэтхэгт оршиж байсан Моголын эзэнт улсын худалдааны зоос, Балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэлүүдийг дэлгэнэ.

Маргааш нээх үзэсгэлэнг Монголын үндэсний музейн Их танхимд дэлгэх бөгөөд Сарьдагийн хийдийн гол сүмийн тухайн цаг үеийн байдлыг багасган бариулжээ. Гурван цагийн бурхан, Бурхан багшийн хоёр шавь Шаарийбуу, Монголжийбуу болон Бодьсадва нар, тахилын ширээ, багана зэргийг анх  байсан хэв маягаар нь зохиомжилж шинэ цагийнханд XVII зууны монгол сүм хийдийг үзүүлэхээр зэхжээ. Үзэсгэлэнгийн танхимд Гол сүмийн хойморын тасалгаанаас малтлагаар илрүүлсэн олдворуудын хэсэг болон Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт Ногоон Дара эхийг байрлуулах юм байна.

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр хийдийн загвар макет, сэргээсэн зураг, дэвсгэр зураг, танилцуулга, Өндөр гэгээний он цагийн дарааллыг харуулна. Мөн Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтыг харуулсан 3D анимэйшн, малтлага судалгааг харуулсан баримтат кино, зураг дүрсний слайдыг үзүүлнэ. Мөн баримтат кино, холограм зураг үзүүлэх зэрэг технологийн дэвшлүүдийг ашиглахаас гадна “Сарьдагийн хийд”-ийн олдворуудыг бүрэн хамруулсан эрдэм шинжилгээ судалгааны каталогийг ч танилцуулна. Мөн олон нийтэд зориулж “Өндөр гэгээн болон түүний өв” сэдэвт цуврал лекцийг эрдэмтэн судлаачид унших, хүүхэд багачууд үзэгчдэд зориулсан шашны урлагийн боловсролын хөтөлбөрийг хуваарийн дагуу явуулах ажээ.

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей ажиллаж байна.


Үзэсгэлэнгийн хөтөлбөр:

2019.09.27 /Баасан гараг/

16.00: “Сарьдагийн хийд. Өндөр гэгээний уран бүтээлийн ордон: Сарьдагийн хийдэд явуулсан малтлага судалгаа” лекц академич С.Чулуун

14.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр
(Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд)

2019.10.04 /Баасан гараг/

14.00: “Өндөр гэгээний дэг сургууль, хийц” лекц Бурханч лам Г.Пүрэвбат /Ph.D/

16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд/

2019.11.15 /Баасан гараг/

14.00: “Өндөр гэгээн Занабазарын Монголын бурхан шашинд гүйцэтгэсэн үүрэг” лекц Н.Хатанбаатар

16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд

2019.12.18 /Баасан гараг/

14.00: “Өндөр гэгээн Занабазарын өв” лекц Урлаг судлаач Ц.Уранчимэг /Ph.D/
16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд

Холбоотой мэдээ