"Элэг бүтэн Ховд" хөтөлбөр хэрэгжсэнээр элэгний өвчлөлийг эрт илрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-26 12:00:35

Ховд /МОНЦАМЭ/. “Элгэн халуун нутагтаа эрүүл энх амьдарцгаая” уриатай элэгний В,С вирусийн эрт илрүүлэг, вирус тоолох нэг сарын аян Ховд аймгийн Манхан сумаас эхэллээ.

Тус аймгийн нийт хүн амын 50 гаруй хувь нь 15-аас дээш насны иргэд юм. Элэгний өвчлөл хүн амын дундах нас баралтын зонхилох шалтгаанд ордог учраас УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачлан Эрүүл мэндийн яам, Онон сангийн дэмжлэгээр “Элэг бүтэн Ховд” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд нэг сарын аян өрнүүлэх юм. Тус аян хэрэгжсэнээр хөдөөгийн 16 сумын иргэд аймгийн төв орохгүйгээр сумандаа элэгний В,С вирусийн шинжилгээ өгөх, вирус тоолуулах, вакцинжуулалт, эмчилгээнд хамрагдах боломжтой.

Энэхүү сарын аяны нээлт Манхан суманд боллоо. Тус суманд 15-аас дээш насны 2500 гаруй иргэн амьдарч буй. Үүний 1300 орчим нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эрт илрүүлэг, шинжилгээнд  хамрагджээ. Үүнээс 78 иргэнд В вирус илэрсэн бол 57 нь С вирустэй гарчээ.

Тиймээс иргэдийг сум орон нутагтаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломж бүрдүүлэх зорилгоор аяны хүрээнд сумын ЭМТ-д элэгний вирус тоолох багаж, тоног  төхөөрөмж хүлээлгэн өгөв.

Мөн элэгний өвчлөлийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээтэй холбогдуулан Манхан сумын эрүүл мэндийн төвийн хоёр их эмч, лаборант нар Улаанбаатар хотод Элэг судлалын үндэсний төв, Онон сангаар дамжуулан мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ.

Алслагдсан бүс нутгийн иргэд сумандаа вирусийн илрүүлэгт хамрагдаж, вирустэй бол аймгийн төвөөр дамжуулан Улаанбаатар хотын магадлан итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ явуулах замаар өмнө нь цаг хугацаа их алддаг байжээ.

Харин “Элэг бүтэн Ховд” хөтөлбөрийн дагуу нэг сарын аян өрнөснөөр иргэд өөртөө хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэн элэгний В,С вирусийн шинжилгээ өгч, улмаар вирусийн идэвхжлээ үзүүлэх, дархлаа тогтоох вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамрагдах боломж бүрдэж байгаад иргэд баяртай байлаа.
Элэгний хавдар, хатуурлын өвчлөлийн гол шалтгаан болох В, С вирусээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад энэхүү аяны үйл ажиллагаа чухал ач холбогдолтой гэж салбарын эмч нар онцоллоо.

 

Холбоотой мэдээ