Сэтгүүлч М.Буянбадрах, У.Ганбаяр нар "Балдорж" шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-27 11:01:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгүүл зүйн салбарын жил жилийн шилдгийг тодорхойлдог, нэр хүндтэй "Балдорж" сангийн нэрэмжит  шагнал гардуулах ёслол "Улаанбаатар" зочид буудалд 11 дэх удаагаа боллоо. 

Мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Балдорж” сангаас санаачилсан эл уралдааны шилдэг бүтээлийн эздэд Монголын үе үеийн Төрийн тэргүүн болон  УИХ-ын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд шагнал гардуулдаг уламжлалтай болсон.

Энэ удаагийн Гран при буюу шилдгийн шилдэг шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардууллаа. Шилдгийн шилдэг шагналыг "Хүрээлэн" цуврал нэвтрүүлгийнхээ 100 дахь дугаарыг олон нийтэд хүргэсэн сэтгүүлч М.Буянбадрах, У.Ганбаяр нар хүртэв. Тэд хоёр дахь удаагаа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж 20 000 000 төгрөгийн эзэн боллоо. Хоёр дахь удаагаа шагнал хүртсэн анхны сэтгүүлчид болсон нь салбартаа хамгийн өндөр урамшуулалтай анхны шагналтнууд гэсэн шинэ хуудсыг нээлээ. Бүтэн жилийн турш их сунгаанд ур чадвараараа өрсөлдсөн сэтгүүлчдээс хэн нь шилдгийн шилдгээр шал­гарсныг зарлах мөчид сэтгүүлч У.Ганбаяр, М.Буянбадрах нарын "Хүрээлэн" төслийн  “Калмык их нүүдлийн мөрөөр", “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ тодорсон бол тусгай байрын шагналыг  "ikon.mn "сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа "ЖДҮ-ийг тойрсон цуврал" нийтлэл, сурвалжилгаараа, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” цуврал нийтлэлээрээ, “ub.life” сайтын сэтгүүлч, редактор Б.Энхцэцэг “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлагаараа тус тус шалгаран 3 000 000 сая төгрөгийн эзэн болов. 

Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шагнал гардуулах ёслолыг нээж Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр хэлэхдээ "Шагнал гардуулахад би найзынхаа тухай хэдэн үг хэлэх ёстой гэж бодож байна. Одоогоос 11 жилийн өмнө миний найз Ц.Балдорж агсны хамтран зүтгэгч, дотны найз нөхөд, гэр бүл, хүүхдүүд нь цуглаж Монголын сэтгүүл зүйн шилдэг шагнал гардуулдаг ёслолыг жил бүр зохион байгуулдаг болох талаар ярилцаж байсан. Сэтгүүлчдэд шинийг санаачлах, урам зориг өгөх зорилгоор бид энэхүү ёслолыг зохион байгуулсан. Балдорж шагналын анхны эзнээр одоогийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг шалгарч байсныг би санаж байна. Тэр үеэс хойш яг 10 жилийн дараа энэ тайзнаа дахин үг хэлж байгаад сэтгэл минь их хөдөлж байна. Ц.Балдорж агсан Монгол Улсад чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан. Тэрбээр 40 жилийн өмнө "Үнэн" сонинд ид цахиур хагалж явсан авьяаслаг, нэртэй сэтгүүлч байсан юм. Биднийг сэтгүүл зүйн салбарт сэтгүүлч гэж нэрлэгдэж явахад нөхцөл байдал өнөөдрийнхөөс огт өөр байсан. Бид нэг намын бодлогыг олон түмэнд хүргэдэг байсан суртал ухуулагчид байсан нь үнэн. Гэхдээ 1980-аад оноос өөрчлөлт шинэчлэлтийн салхи нийгэмд сэвэлзэж эхэлсэн. Тухайн үед сэтгүүлчид бидний оролцоо ч их байсан. Түүний дотор биднийг манлайлж, хойноосоо дагуулж явсан хүн бол миний найз Ц.Балдорж юм. Түүний нийтлэл олон сэтгүүлчдийн урам зоригийг сэргээж, уншигчдад шинэ бодлыг төрүүлж, шинэ цагийг авчрахад ихээхэн нөлөөлсөн гэж би боддог. Тэр цагаас хойш сэтгүүл зүйн орчин нөхцөл өөрчлөгдсөн. Хуучин цагт сонины нийтлэл, телевизийн нэвтрүүлгээс өөр контент байсангүй. Гэтэл өнөөдөр сэтгүүл зүйд цахим хэвлэл шинээр нэвтэрч, сонины нийтлэл хоцрогдох дээрээ тулжээ. Эд нарыг хурдаараа гүйцдэггүй юм гэхэд нийтлэлийн чанараараа гүйцэх боломж сэтгүүлчдэд маань бий. Сайны хажуугаар саар зүйл их бий. 1970, 80-аад оны суртал ухуулгын сэтгүүл зүй одоог хүртэл арилаагүй байгаа нь харамсалтай. Мэдээлэл өгөх ёстой сэтгүүлчид маань өнөөдөр захиалгат нийтлэл бичиж байгаа нь энэ салбарын том дутагдал юм. Эцэст нь хэлэхэд хайрт аавынхаа, мөн хайрт ханийнхаа үйл хэргийг амжилттай үргэлжлүүлэн авч яваа Н.Шүр, Б.Нандинтүшиг, Б.Номинтүшиг нарт чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье" хэмээн онцлов.

Балдоржийн Нандинтүшиг "Бид шагналаа ч шинэ түвшинд гаргах цаг болсон гэж үзэж байгаа. Энэ жилийн шалгаруулалт маань үүнийг гэрчилж чадах байх" гэж ёслолыг хааж хэлэхдээ уг шагналын үнэ цэнийг тодорхойлов.




Холбоотой мэдээ