Жагар орноор зорчсон нь буюу Гантигт шингэсэн хайрын дуулал

ТОЙМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-28 19:16:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн долоон гайхамшгийн нэг, Жагар орныг зорьсон хүний заавал үзэх алдарт Таж махал. 16-19 дүгээр зууны үед Энэтхэгийн төрийг барьж байсан Монголын эзэнт гүрний угсаа залгамжлагч хаан Шах Жахан өөрийн хатан Мумтаз Махалын гэгээн дурсгалд энэхүү бунхныг зориулжээ. Шинэ Дели хотоос Монгол угсааны хатны бунхныг зорих мөчид бороо шивэрсээр, дөхөх тусам алгуурхан ширүүсэж 10 дугаартай бага оврын автобусны том цонхонд ирээд хацар дээрх нулимс лугаа зөөлөн урсана.



|“Цагаан гантигт шингэсэн хайрын дуулал, цаг хугацааны хацар дээрх нулимсан дусал”...|


ГУРАВДАХЬ ӨДРӨӨС ТЭМДЭГЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-д хийсэн төрийн айлчлалыг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч, зураглаачид дээрх 10 дугаарын автобусанд зорчиж байлаа. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд 80 гаруй хүн багтсанаас 10 гаруй нь хэвлэл мэдээллийнхэн, 30 орчим нь бизнесийн төлөөлөгч байсан юм. Энэтхэгийн Засгийн газраас айлчлалын цуваанд ихээхэн анхаарал хандуулж, бидний зорчсон газар бүрт цагдаа, цэргийн өндөр хамгаалалт гаргаж, замын хэсгийг чөлөөлсөн байв. Өнөөдөр айлчлалын гурав дахь өдөр.


Өмнөх өдөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын “Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай” хамтарсан мэдэгдэл гаргаж тунхагласан юм. Айлчлалын хамгийн гол хэсэг амжилттай өндөрлөсөн тул бид хөтөлбөр ёсоор Ерөнхийлөгчийнхөө хамт Таж махал болоод Энэтхэгийн зарим сүм хийдтэй танилцахаар Шинэ Дели хотын Шангри-Ла зочид буудлаас өглөөний цайгаа уумагц замд гарсан нь энэ.


ШИНЭ ДЕЛИ - НОГООН ХОТ

Автобусны цонхоор ажиглах нь ээ, Шинэ Дели хотын авто замд нэг ч гэрлэн дохио алга. Бүх уулзварыг аюулгүйн тойргоор шийдсэн нь оносон уу хотын төвөөр Улаанбаатар хотынх шиг л буман машин бужигнах ч авто замын түгжрэлгүй юм. Нийт 11 сая хүнтэй Дели хотын зэргэлдээх хот болох Шинэ дели нь ердөө 250-хан мянган хүн амтай гэнэ. Тэрбум гурван зуун сая хүнтэй улс гэхэд гайхмаар тоо. Ер нь энэтхэгчүүдийн 70 гаруй хувь нь хөдөөгөөр нутагладаг бөгөөд Дели, Мумбай, Ченнай, Бангалор, Хайдарабад, Ахмадабад зэрэг хотод хамгийн их хүн төвлөрнө. Энэтхэг улс хүн амаараа дэлхийд хоёрдугаар байрт жагсдаг бөгөөд 2025 он гэхэд БНХАУ-ыг гүйцнэ гэсэн тооцоолол байдаг аж.



Хотын төвийн гудамжаар чамин тансаг авто машин бараг үзэгдэхгүй ч, гурван дугуйтай бүхээгтэй, мотоцикл маягийн шар, ногоон жижигхэн тээврийн хэрэгсэл элбэг. Энэ нь хямд өртөгтэй, хамгийн эрэлттэй, манайхаар бол такси гэнэ. Энэтхэгийн такси үйлчилгээ хямдаараа дэлхийд тэргүүлдэг юм байна. Гэхдээ цахим системийн хөгжлийн эрэн үед дэлхийн гуравны нэг хэсэгт хэдийн нэвтэрсэн “Uber”-ийн логотой таксинууд ч элбэгшжээ. Такси үйлчилгээг цахимаар захиалдаг хялбар үйлчилгээ мэдээллийн технологиор дэлхийд цойлж буй энэ улсад эрэлттэй байгаа нь андашгүй.



Энэтхэгт замын хөдөлгөөний дүрэм бараг байдаггүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь автомашинууд нь эмх замбараагүй сүлжилдэж, хоорондоо мөргөлдөх шахам урд хойгуураа дайрна. Ингэхдээ байнга дуут дохиогоо хангинуулна. Гэхдээ энэ нь тэд бухимдаж байна гэсэн үг биш, ямар ч нүүрний хувиралгүй зүгээр л дуут дохио дардаг юм билээ. Дуут дохио дарахгүй бол дүрэм зөрчсөнд тооцдог юм уу ч гэж бодмоор. Энэтхэгт зам тээврийн осол гарах нь маш ховор гэж жолоочийн ярьж буйд итгэхэд бэрх. Энэтхэгчүүд маш тайван зан чанартай бөгөөд хоорондоо найрсаг, дөлгөөн харьцах юм. Бидэнтэй хүн бүр алгаа хавсран мэхийн мэндчилээд, "намасдэ" хэмээн инээмсэглэж байв.

Энэ хот бараг л ой модон дунд оршдог гэж хэлж болно. Энд тэндгүй ой мод байхаас гадна хаа сайгүй “Save green and clean city” гэсэн ухуулга самбар байршуулжээ. Бас сармагчин... Гэхдээ энэ хотыг цэвэрхэн гэдэгт би л хувьдаа санал нийлэхгүй. Биднийг анх буудалласан Шангри-Ла зочид буудлаас баруун тийш хивсний дэлгүүр өнгөрөөд булан тойроход л хотын үнэн дүр төрхийг тольдож болно. Хог нь хөглөрч буй тэр гудамжинд түргэн хоолны хэд хэдэн газар ажиллана. Түүний наахна явган хүний замд жижиг тогоон дээр хоол буцалган суугаа хүн үзэгдэх ч дэргэдүүр нь хүмүүс анзааралгүй өнгөрч байлаа.



Энэтхэгийн Ерөнхийлөгч, парламент, Засгийн газрын ордон нь байрладаг, тус улсын нийслэл гэхэд Шинэ Дели хотод сүрлэг өндөр байшин олон тааралдсангүй. Гэхдээ барилга архитектурын хувьд, маш том соёл байгааг анзаарсан юм. Их Британи улс колончлолынхоо үед буюу 20 дугаар зууны эхэнд энд төвлөж байсан аж. Энэ үед уран чамин хийцтэй олон байшин, зам, талбай барьсан нь одоо ч барилга, архитектурын соёлын өв болон үлджээ. Тэдгээрийн нэг нь БНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордон юм. Тус ордныг Их Британийн Ерөнхий захирагч нарын амьдрах өргөөний зориулалтаар анх 1929 онд барьжээ. Тухайн үед Их Британийн Засаг захиргааны зөвлөхөөр ажиллаж байсан Махатма Ганди 1920 онд Энэтхэгийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг эхлүүлжээ. Энэтхэг даяар Их Британийн засаглалын эсрэг хувьсгалт тэмцэл өрнүүлж, 1947 онд Энэтхэг тусгаар улс болсон. Энэ тэмцлийг Махатма Ганди тэргүүлснээр үр дүнд хүрсэн гэдэгтэй хэн ч маргадаггүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Раж Гат цогцолборт буй Энэтхэгийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Махатма Гандигийн чандарт цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлсэн юм. Түүний дурсгалыг хүндэтгэж төрсөн өдөр болон нас барсан өдрөөр нь чандарт нь цэцэг өргөж, хүндэтгэдэг аж.  


Энэ хотод хамгийн сүүлд буюу 2005 онд нэгэн гайхалтай цогцолбор барилга сүндэрлэжээ. Энэ бол 1781-1830 онд амьдарч байсан Энэтхэгийн Хинду шашны соёл, оюун санааны үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэгч Сваминараян хэмээх номлогчид зориулан бүтээсэн “Ашкардхам” сүм юм. Энэхүү цогцолборыг Энэтхэг орны өнцөг булан бүрээс авчирсан 300 мянган чулуугаар таван жилийн хугацаанд барьсан бөгөөд 11 мянган уран барилгач, сийлбэрч ажиллажээ.


XXI ЗУУНЫ ГАЙХАМШИГТ УРАН БАРИЛГА

Нэг зүйлийг эргэн санахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгт айлчилсан эхний өдрөө “Ашкардхам” сүмтэй танилцсан юм. Энэ тухайд хэлэхэд, айлчлалын эхний өдөр бид Шинэ Дели хотын “Палам” нисэх буудалд онгоцноос буумагц айлчлалын бүрэлдэхүүн хоёр хэсэг болон хуваагдсан юм. Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд болон Төрийн хүндтэй эрхмүүд БНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордонд морилж, бусад төлөөлөгч Шангри-Ла зочид буудалд байрлав. Удалгүй бид Монголын Элчин сайдын яаманд цуваа нийлэн саатаад, “Ашкардхам” сүмийн зүг хөдөлсөн. Элчин сайдын яаманд саатах үеэрээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн аав, хүү хоёр уран барималчид “Алтан гадас” одон гардуулсан юм. Рам Сутар, Анил Сутар нар Бурхан багш болон хоёр шавийнх нь сэрэг дүрийг бүтээж, Энэтхэгийн Засгийн газраар дамжуулан Монголын Гандантэгчинлэн хийдэд бэлэглэжээ.


Ашкардхам сүмийн зүг Ерөнхийлөгчийн цуваа хөдөллөө. Хэвлэл, мэдээллийн баг 10 дугаарын автобусандаа яаран суув. Сэрүүцүүлэгч /Кондишн/-тэй автобусандаа түргэн суухгүй л бол гадаа монголчууд бидний хувьд, ногооны хүлэмжинд байгаа мэт бүгчим, тэсэхийн аргагүй цаг агаартай. Энэтхэг орны хувьд, одоо намрын улирал буюу сэрүүвтэр цаг болж байгаа ч нэмэх 35 хэмийн дулаантай байв. Гэхдээ эндэхийн 35 хэмийн дулаан Монголынхтой ижил биш, бүгчим хийгээд чийглэг, салхигүй. Барилга байгууламж дотроо ихэвчлэн сэрүүцүүлэгч ашигладаг тул бас даарах тохиолдол ч бий. Тиймээс хэт нимгэн хувцастай яваад байж болохгүй.


Ашкардхамын өмнө ирээд, сүмийн эгц урдаас шат дээш хармагц, гол сүмийн хаалгаар Хинду шашны номлогч Сваминараяны алтан шар хөшөөт дүр мэлтийн харагдана. Бид сүмийн хаалганы шатаар өгсөн гарахад сүмийн тайлбарлагч биднийг угтан гол барилга тийш залав. Гол барилгын үүдэнд бид гутлаа тайлж, ариун сүмийн өөд хөл нүцгэн шатаар өгслөө. Энэ цогцолборын хана бүр тэр чигтээ уран сийлбэртэй, дотроо тааз нь хүртэл битүү чамин угалз, хээгээр зорсон байгаа нь гайхамшиг, бас нөр их хөдөлмөр шингээж урласанд бахархал төрмөөр.



Цогцолборын үндсэн хэсэг нь ягаан өнгөт элсэн чулуу болон цагаан өнгийн гантигаар сийлсэн 20 мянга гаруй уран баримлаас бүтнэ. Дурсгалын баримлын голд байрлах  номлогч Сваминараяны хөшөө нь 3.35 метрийн өндөртэй, алтаар бүрсэн байна. Түүний дэргэдэх таван жижиг шадарыг ч мөн алтаджээ. Дурсгалын цогцолбор нь 2.2 километрийн урттай, үзэсгэлэнгийн хоёр танхим, кино театр, хөгжмийн аясаар эргэлдэх гэрэлт усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт олон зүйлийг багтаасан байна.


ЭДҮГЭЭЧИЛСЭН ХИНДУ БУРХАДЫН ДОМОГ

Сүмийг үзэж сонирхсоны дараагаар, айлчлалын баг тус сүмийн баруун хэсэгт байрлах усан оргилуурын үзүүлбэрийг Энэтхэгийн олон зуун иргэдийн хамтаар үзэж сонирхов. Энэтхэг иргэд усан оргилуурыг тойрсон шатан дээр зайгүй сууцгаажээ. Сүмийн удирдлагууд Ерөнхийлөгчийн айлчлалын багийг тусгай индэрт зассан сэнтийд урив.



Цаг гаруй үргэлжилсэн энэ үзүүлбэрийг гэрэл, усан оргилуур, дүрсний тусгалаар тоглоно. Тодруулбал, усан оргилуурын цаана, бидний эгц урд байрлах барилга дээр туссан дүрс тус барилгыг олон янзын өнгөнд оруулж, цонхоор нь усаар наадаж буй заан зэрэг анимейшн гарч, саарал зэвхий байшин нь амь орсон мэт үзэгдэнэ. Наана нь байрлах усан оргилуурт өнгө өнгийн гэрлийн эффект усны цогих хэмнэлийн хамт яг л бүжиж буй мэт. Хинду шашны бурхадын аварга голограм дүрс барилга дотроос усан оргилуурын дэргэд наадаж буй жаалуудтай мэтгэлзэн, "хүр хүр" хийн инээн, яриа өрнүүлнэ. Гэхдээ юу ярьж байгааг нь бидний дунд хинди хэлтэй хүнгүй байсан тул ойлгоогүй. Энэ үзүүлбэрт "Эдүгээчилсэн хинду бурхадын домог" гэж нэр өгье.



Ингээд орон нутгийн цагаар 21.00 цагт Ерөнхийлөгчийн айлчлалын эхний өдөр жаргасан юм. Бид мөн л хоёр хэсэг болон хуваагдаж, Төрийн хүндтэй эрхмүүд Ерөнхийлөгчийн ордонд, бусад төлөөлөгч Шангри-Ла зочид буудалдаа амрахаар хөдөлсөн. Эндхийн цаг Монголын цагаас 2 цаг 30 минутаар хоцорч байсан тул маш их нойрмоглож байсныг дурдалгүй өнгөрөөж чадахгүй нь.


ЦАГААН ГАНТИГТ ШИНГЭСЭН ХАЙРЫН ДУУЛАЛ

Хоёр өдрийн турш бүгчим халуунд гадагш гарахаас ч бид халширч байв. Аль болох л сэрүүцүүлэгчтэй буудалдаа байрлах нь таатай. Энэтхэгийн цаг агаарт Гималайн нуруу болон Тарын элсэн цөл маш их нөлөөлдөг байна. Гимайлайн нурууны хойноос ирэх төв Азийн хүйтэн салхийг хаадаг тул тус улсын ихэнх хэсэгт цаг агаар халуун байдаг аж.


            Харин айлчлалын гурав дахь өдөр бүрхэгдүү байлаа. Шангри-Ла зочид буудлын өмнөөс хөдөлсөн 10 дугаарын автобус цувааны эхэнд явна. Араас дагалдаж буй хэд хэдэн бага оврын автобусанд айлчлалын төлөөлөгчид хуваагдан суужээ. Бидний цуваа Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордны 34 дүгээр хаалгаар орж, Үндсэн цуваатайгаа нийлээд Таж махалын зүг хөдөлсөн юм. Шинэ Дели хот дахь БНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордноос өглөөний 9 цагт хөдөлсөн цуваа 200 км замыг туулж Таж махалд ирлээ. Бүлээн бороо шивэрч байв. Хувцас бүхэлдээ норж байсан ч Энэтхэгт анх удаа ирж байгаа надад дэлхийн долоон гайхамшгийн нэгийг үзэх туйлын хүсэл байлаа.



            Энэ барилгыг Ахмед Лахаури хэмээх эрхмийн зураг төслөөр 22 жилийн турш газар газрын урчуудын хөдөлмөрөөр байгуулжээ. Гурван талдаа хэрэм бүхий их хаалгатай, ард талаараа Ямуна мөрөн урсдаг бөгөөд бид Таж махалын яг чанх урд талын хаалгаар орсон юм. Энэ үед ЮНЕСКО-гийн соёлын өв, дэлхийн долоон гайхамшгийн нэг бидний өмнө 500 метрийн цаана цайвалзаж байсан юм. Таж махал нь 35 метр өндөр бөмбөгөр оройтойгоо нийт 171 метр өндөртэй, 64 метр голчтой, дөрвөн буландаа үл мэдэг хазайлган босгосон харуулын цамхаг мэт 40 метр өндөр суваргатай.



Бид Таж махалын өмнө ёс болгож зургаа авахуулсны дараа Ерөнхийлөгчөө даган ертөнцийн гайхамшигт дөхлөө. Таж махалд нэвтрэхийн тулд улавч өмсөв. Шатаар дээш өгсөн сүрлэг том гантиг чулуун харшид ороход голд нь зааны ясан сийлбэртэй хашлага маягийн зүйлээр хүрээлүүлсэн хаан хатны бунхан байв. Барилга ёроолоосоо бөмбөгөр орой хүртлээ үнэхээр гантиг чулуу аж. Бунхны оройд монголчуудын бэлгэ тэмдэг болсон нар, сар, галын дүрсийг мандуулсан нь яахын аргагүй Монголын эзэнт гүрнээс улбаалсан, монгол угсааны язгууртны бунхан гэдэг нь илэрхий.



Шах Жахан хааны 1612 онд  гурав дахь гэргийгээ болгосон Мумтаз Махал хатан ухаалаг, үзэсгэлэн төгс бүсгүй байжээ. Шах Жахан хаантай 19 жил ханилаад  14 дэх хүүхдээ төрүүлэх үед буюу 1631 оны зургаадугаар сарын 17-нд 39 насандаа өөд болжээ. Аян дайнд явсан Шах Жахан хаан хатныхаа бие чилээрхсэнийг сонсоод нутгийн зүг жолоо залсан ч уулзаж амжаагүй аж. Үүнд гашуудсан хаан 1632 онд Ямуна мөрний эрэг дээр 20 мянга гаруй дархан, гар урчууд, нэг мянга гаруй зааныг дайчлан Таж махал бунхныг бариулжээ. Бунхныг 1648 он хүртэл барьсан бөгөөд, бусад барилга байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг 1653 онд цогцлоосон байна. Таж махал нь Дарваза буюу Их дааман хаалга, Багича буюу цэцэрлэгт хүрээлэн, Масжид буюу Исламын сүм, Наккар хана буюу амралтын өрөө, Рауза буюу бунхан зэрэг таван хэсгээс бүрддэг.



Шах Жахан хаан Таж махал бунхныг бариулсны дараа Ямуна мөрний нөгөө эрэгт хар гантиг чулуугаар өөртөө зориулан бунхан бариулахаар төлөвлөж байсан ч түүний хүү Аурангзеб хөрөнгө мөнгийг үргүй зарцуулав хэмээн эцгээ баривчилж, Улаан цайзад хорьжээ.  Төд удалгүй хэвтэрт орсон хаан орныхоо толгойд бэхэлсэн толинд Таж махалын дүрсийг харсаар нүд аньсан гэдэг. Түүнийг Таж махал дотор хайртай Мумтаз хатных нь дэргэд бунхалжээ.


Таж махалыг тойрч, цаад талд нь гарахад цэлгэр тавцан маягийн зүйл байна. Тэндээс Ямуна мөрний зүг ширтэхэд, дөлгөөн урсгал нь сэтгэл хөдөлгөм... Бороо ганц нэгээр дусалсаар... Энэ гантиг чулуун харшийг зохиолч, яруу найрагчид “Цагаан гантигт шингэсэн хайрын дуулал”, “Цаг хугацааны хацар дээрх нулимсан дусал” гэх зэргээр нэрлэдэг аж.

Үргэлжлэл бий... 

Холбоотой мэдээ