“Сансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр” танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
183@montsame.mn
2019-09-28 15:19:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Намрын  уламжлал болсон “ICT Expo-2019” үзэсгэлэн Мишээл экспо төвд үргэлжилж байна. Үзэсгэлэнг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж байна.

Монголд онлайн телевизийн үйлчилгээг хөгжүүлж буй “Монголсат нетвөркс” ХХК-ний олон сувгийн телевизийн үйлчилгээг иргэд их сонирхож байгаа аж. Энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд  шинэ техник, технологи нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч дотоодын байгууллагаас гадна олон улсын байгууллагууд өргөнөөр оролцож байна. Тухайлбал, Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллага нь олон улсын хиймэл дагуулын холбооны зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ үзэсгэлэнд холбооны хиймэл дагуулын навигацийн систем, нислэгийн үеийн интернэтийн үйлчилгээ, сансрын холбооны VSAT систем зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Өөрийн гишүүн орнуудын харилцаа холбооны операторуудын бизнесийн үйл ажиллагааг өргөтгөхөд зориулсан нийт 750 мянган ам.долларын санхүүжилт бүхий “Сансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг мөн танилцуулж байна.

Холбоотой мэдээ