Си Жиньпин: нэг ч хүчин Хятадын хөгжлийг зогсоож чадахгүй

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-01 11:32:41

БЭЭЖИН. /РИА Новости/. Дэлхийн нэг ч хүчин Хятадын үндэстний хөгжлийг зогсоож чадахгүй хэмээн БНХАУ-ын дарга Си Жиньпин БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулсан арга хэмжээнд үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.


“Энэ агуу улсын үндсийг ганхуулж чадах нэг ч хүчин байхгүй. Нэг ч хүчин Хятад үндэстнийг урагш тэмүүлэхэд саад болж чадахгүй” хэмээн “Тяньаньмень”-ий талбайд эхлэх цэргийн парадын өмнө Си Жиньпин хэлсэн байна.


“Хятадын ард түмэн 70 жилийн хугацаанд гарсасан хүчин чармайлт, тэмцлийнхээ хүчинд дэлхийд гайхшруулсан амжилтад хүрч чадсан юм” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.


Хятад улс энх тайван хөгжлийн замаар явж, нээлттэй бодлогын чиг шугамаа баримталсаар байх болно гэдгийг Си Жиньпин онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Хятадын арми улсынхаа бүрэн эрхт, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай  хамгаална гэж тэрбээр мэдэгдсэн байна.


БНХАУ 1949 оны 10 дугаар сарын 1-нд байгуулагдсан юм. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Бээжин хотод түүхэн дэх хамгийн том цэргийн парадыг зохион байгуулах бөгөөд уг парадад 15 мянган цэрэг, 600 цэргийн техник хэрэгсэл, 160 нисэх онгоц оролцоно.

Холбоотой мэдээ