Цахим орчны зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” аян эхэллээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2019-10-01 16:58:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилго бүхий “UNFRIEND” аяны үргэлжлэл “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” аян өнөөдрөөс эхэлж байна.

Энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх уг аяныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro Foundation Mongolia” ТББ хамтран өрнүүлж байна.


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл: Манай улсад нийгмийн сүлжээ буюу фейсбүүк, твиттер идэвхтэй хэрэглэгч 2017 онд 1.7 сая, 2018 онд 2.1 сая байсан бол энэ оны хагас жилд 2.2 саяд хүрсэн. Тодруулбал, жилд дунджаар 17.5 хувиар өссөн байна. Нийт хэрэглэгчдийн 51.7 хувь нь 20 хүртэлх насны хүүхэд залуус. Тэдний 92.7 хувь нь зөвхөн фэйсбүүкийн хэрэглэгч байна. Тиймээс нийгмийн сүлжээний цаана байгаа эрсдэлээс хүүхэд залуусыг хамгаалах, цахим орчноос зөв мэдээллийг олж авах, бусаддаа таниулахад туслах нь аяны гол зорилго. Өнгөрсөн онд өрнүүлсэн “UNFRIEND” аян цахим орчинд байж болох эрсдэлт хүчин зүйлсээс иргэд, хүүхэд, залуусыг урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилготой байсан бол “#ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” нэгдсэн аян нь олон нийтийн сүлжээ, ялангуяа фэйсбүүкийг хэрхэн зөв, боловсон ашиглах талаар мэдлэг олгохоороо онцлогтой. “UNFRIEND” аян хүрээнд бидний бэлтгэсэн  цахим сүлжээний контентыг давхардсан тоогоор долоон сая орчим хүнд хүрсэн гэсэн тооцооллыг судалгааны байгууллага гаргасан байна. Ингэснээр иргэд цахим орчны эрсдэлийн талаар ойлголттой болж чадсан.


ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, хошууч Д.Будзаан: Нийтийн цахим сүлжээг идэвхтэй ашиглаж эхэлсэн үе буюу 2012 онд Монгол Улсад 14 цахим гэмт хэрэг бүртгэжээ. Харин 2018 онд 659 болж нэмэгдсэн бол энэ оны эхний есөн сард цагдаагийн байгууллага 584 гэмт хэрэг бүртгээд байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас ихэвчлэн хүүхэд, залуус, эмэгтэйчүүд хохирч байна. Хүүхэд, залуус цахим орчинд зохисгүй контент үзэх, дэлгэцийн хамааралтай болох, сэтгэл зүйн болон бэлгийн шинжтэй дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болох эрсдэлтэй нүүр тулж байна.


“Faro foundation Mongolia” ТББ-ын үүсгэн байгуулагч А.Бямбажаргал: Манай байгууллага фейсбүүк компанитай 2018 оноос хамтран ажиллаж байгаа. Фэйсбүүк компанийн Харвардын Их сургуулийн бэлтгэсэн “Тоон бичиг үсэгтэн” хөтөлбөрийг Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газартай хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд Монголд нэвтрүүлсэн. Энэ хүрээнд Цахим орчин, нийгмийн сүлжээнд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ, Өөрийн хувийн мэдээлэл, нууц үгээ хэрхэн хамгаалах вэ цуврал видео хичээлийг орчууллаа. Тус хичээлүүдийг ЦЕГ, ХХМТГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн фэйсбүүк хуудсаар цацах болно.

Д.Дэлгэрмөрөн

Холбоотой мэдээ