НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад өнгөрсөн сард томилогдон ирсэн НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.
НҮБ-д 2003 оноос хойш ажиллаж байгаа, Зүүн хойд Азийн нөхцөл байдлын талаар мэдлэгтэй төлөөлөгч манай улсад ажиллахаар ирж буйд баяртай байгаагаа Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд онцлов. Мөн НҮБ Монгол Улсын хөгжлийн бодлогыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улс загвар улс болох, олон салбарт манлайлах боломжтой гэж үзэж буйгаа хэллээ.
Ноён Тапан Мишра НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улс тогтвортой хөгжлийн асуудлаарх 2030 он хүртэлх үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсан нь маш сайн болсон гээд зарим асуудлыг нь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн баримт бичигт тусгах асуудлаар санаачилгатай ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалтаар талууд агаарын бохирдол, мансууруулах бодис зэрэг тодорхой сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон бөгөөд ярилцсан сэдвийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж тодорхой ахиц, үр дүнд хүрэхээр зорьж ажиллана гэдгээ илэрхийллээ.