Хэнтий-Улаанбаатар чиглэлийн автобус осолдож, олон хүн хүнд, хөнгөн бэртжээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-01 21:33:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотоос Улаанбаатар хот чиглэлд зорчиж явсан 31-33 УНИ улсын дугаартай хоёр давхар автобус осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаад тухайн ослын улмаас гэмтсэн зарим иргэнтэй утсаар холбогдож мэдээлэл авснаа хүргэе. 

Тодруулбал, "Бид Анд Нар" ХХК-ийн харьяа уг автобус Төв аймгаас Налайх орох замдаа том оврын чиргүүлтэй машины араас мөргөж осол гаргасан байна. Автобусанд нийтдээ 17 хүн зорчиж явсан тухай албаны эх сурвалж мэдээлж байгаа юм.

Харин жолооч замаасаа дур мэдэн жирэмсэн болон настай эмэгтэй, дунд орчим насны эмэгтэй зэрэг 3-4 хүнийг суулгасан гэдгийг зорчигчид хэлж байна. Тухайн ослын улмаас хүнд гэмтсэн гурван иргэн хагалгааны дараах байдалтай  Гэмтэл согогын үндэсний төвд хэвтэн эмчүүлж байгаа гэв. Тэдний биеийн байдал сайнгүй, сахиуртай байна. 78 настай эмэгтэй шилбэ, дунд чөмгөө хадуулсан,  мөн 69 настай эрэгтэй гар, хөлөө хадуулжээ. Түүнчлэн жолоочийн ард сууж явсан гэх 49 настай эрэгтэйн гар нь маш хүнд гэмтсэн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хагалгаанд орсон, одоо дахин судас шөрмөс залгах хагалгаанд орохоор хүлээж байгаа гэнэ.

Тус автобусанд есөн сартай охинтойгоо зорчиж явсан 23 настай эмэгтэйн хувьд тархи хавантай, зөөлөн эдийн гэмтэлтэй гурван газар цус хурсан учраас хөлөндөө зүсэлт хийлгэжээ. Мөн шүд нь унасан, духаа ярсан, нүдний хажуу талаа сэтэлсэн, шагайгаа хугалсан зэрэг хүнд хөнгөн бэртсэн цөөнгүй иргэд байгаа юм байна. Тэдний ярьж байгаагаар “Бид Анд Нар" ХХК-ийн зүгээс ямар ч холбоо бариагүй, тусламж дэмжлэг үзүүлээгүй, өөрсдийнхөө мөнгөөр өнөөдрийг хүртэл эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэж, зураг авахуулж байгаа гэлээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ