Тивийн 3 удаагийн аварга, ой тогтоолтын баг тамирчид 67 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-07 10:29:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 16 тамирчин тус тэмцээний нийт 90 медалийн 67-г буюу 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл медаль хүртсэн байна.


Индонез улсад 10 дугаар сарын 5-6-нд болсон энэ удаагийн тэмцээнд 13 орны 133 тамирчид оролцсон байна. Багийн нийлбэр дүнгээр Монгол Улс тэргүүлж, хоёрт БНХАУ, гуравт Индонезийн баг орсон байна.


Мөн дэлхийн дөрвөн рекордыг шинэчилжээ. Тухайлбал, “Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд Ш.Наранбат 30 минутад 3555 цифр, Өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифр, “Олон багц” төрөлд Э.Лхагвадулам 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд Э.Лхагвадулам 1612 цифр тогтоон дэлхийн рекордыг тус тус шинэчлэн тогтоолоо.


Монголын оюун ухааны академийн тамирчид энэ удаагийн тэмцээнд оролцсоноор Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонконг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 55 дахь тэмцээн нь юм байна. Мөн нийт медалийнхаа тоог 1004 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн тогтоогоод байна.

Холбоотой мэдээ