Камеруудыг өвлийн байрлалд шилжүүлэн тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-07 19:06:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газраас зэрлэг ан, амьтдын гүйдлийг хянах, хууль бус анчдыг илрүүлэх зорилгоор 80 гаруй камерыг суурилуулсан бөгөөд хүйт орж буйтай холбогдуулан 60-аад камерийг өвлийн байрлал, жим замуудыг тааруулан өөрчлөн тавьсан байна.

Хөдөлгөөнийг өөрөө мэдэрдэг камерийг 2017 оноос эхлэн тавьж эхэлсэн бөгөөд камерт зэрлэг ан, амьтдын гүйдэл мөн тусгай хамгаалалттай газарт нэвтрэн орж байгаа хүмүүсийн зөрчил илэрч, байгаль хамгаалагчид тухай бүрийд нь хэлж сануулан иргэдийг тусгай хамгаалалттай бүсээс гаргаж байжээ. “Камерт цоохор ирвэс, янгир ямаа, зэрэг ховор амьтад тархан байршсаар байгааг илэрхийлсэн олон зураг дарагдсан байна. Харин хулгайн анчдын зураг байхгүй байгаа нь манай иргэд ухамсартай болж байгаагийн илрэл. Нөгөө талаар хамгаалалт сайн байгааг харуулсан зүйл болжээ. Камеруудаа өвлийн байрлалд зорилгуудыг нь өөрчлөн тавилаа” гэдгийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх хэлж байв.

Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй төрлийн амьтан байдаг ажээ. 


Холбоотой мэдээ