Барилгын шинэчлэлийг үргэлжлүүлэх шаардлагатай хэмээн мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-10 16:48:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын УДЭТ, ДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг буулгаж дахин барих шийдвэр шүүмжлэл дагуулснаар  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 8-ны өдөр Монголын соёл урлагийн салбарын ууган байгууллагуудын барилгыг шинэчлэх ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл  урлаг соёлын салбарынхан энэ шийдвэрийг эргэн харж, барилгын ажлыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай хэмээн өнөөдөр мэдэгдлээ.

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн соёрхолт УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, УДБЭТ-ын захирал, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо тэргүүтэй  мэргэжлийн байгууллагын төлөөлөл театрын барилгын ажлын шинэчлэлт, сэргээн засварлалтын ажил нь нураах, өв соёлоо устгаж буй асуудал биш,  урлаг соёлын салбарын үе үеийн уран бүтээлчдийн нэгэн жарны турш хүлээсэн театрын шинэчлэлт олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн улмаас гацаасанд харамсаж байна гэв.

 УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу: Монгол Улсад орчин цагийн урлаг соёл үүсэж хөгжөөд 100 хүрэхгүй жил болж байна. Миний ойлгож буйгаар аливаа улс үндэстний тусгаар байх олон хүчин зүйл бий. Үүний дотор Үндэсний номын сан, Үндэсний театр, Үндэсний музейтэй байх ёстой гэж үздэг. Олон мянган жилийн нүүдлийн соёл иргэншлийн өв соёлд тулгуурлан суурин соёл иргэншлийн хөгжилтэй хамтатгаж театрын урлаг хөгжиж ирсэн. Урлаг соёлын салбар 90 шахам жил хөгжиж ирэхдээ түмэн олныхоо хайр ивээлд дэвшиж ирсэн сайн сайхан зүйлүүд олон байгаа. Үүний хажуугаар дэлхий, нийгмийн хөгжлөөс хоцрогдсон олон зүйл бий. Хүнд нөхцөлд ажиллаж ирсэн төдийгүй техник технологийн хөгжлөөс хоцрогдсон. Энэ бүхнийг бид ард иргэд, төр засагтаа гомдоллож өлсөж ядарч байна гэж хэлж үзээгүй. Гуйж байгаагүй. Төрөөс урлаг соёлын салбартаа хандуулж ирсэн бодлого сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд шаардлагын түвшинд хүрээгүй. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тодотголтой Засгийн газар урлаг соёлын салбарт анхаарч, туслалцаа хүссэн олон асуудлыг мэдэрч ойлгож тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Мэргэжлийн урлагийн байгууллагад тулгамдаж буй хамгийн том бэрхшээл болсон барилга байшингийн асуудлыг төрөөс анхаарч ивээл хайраа үзүүлж эхэлж байтал хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттай мушгиж, театрын шинэчлэлийн  ажил цуцлагдсанд бид маш их харамсаж байна. Иймд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гаргасан шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна.

Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо:

-Соёл урлагийн салбарт нэгэн том бэрхшээл гарсан. Соёлын өвийг хамгаалахтай холбоотойгоор театр, номын сангийн барилгыг шинэчлэн засварлах зураг зохиолгох, тендер төсвийн ажилд зориулсан 2020 оны улсын төсөвт төлөвлөгдсөн байгууллага тус бүрийн шинэчлэлийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг зогсоосон мэдэгдлийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хийсэн. Энэ шийдвэр нь бид бүхний олон жилийн турш хүлээсэн соёлын шинэчлэлийн асуудал гацаанд орж буй нэг хэлбэр боллоо. Засгийн газраас дөрвөн байгууллагын  барилгыг шинэчлэхээр болсон ч олон нийтийн зүгээс соёлын өвд халдаж байна гэдэг үндэслэлээр хүчтэй эсэргүүцсэнээс болж Монголын соёл урлагийн салбар хүчтэй цохилт авлаа. Биднийг төрөөс анхаарч байна гэдэгт баярлаж байсан. Тэгвэл өнөөдөр 30 мянган ламынхаа амь насаар хадгалж  өнөөдрийг хүртэл өвлүүлж ирсэн түүх судар  үгүй болох нь.  Ослын нөхцөл байдалд бид ажиллаж, ном судрууд нь стандартын шаардлага нийцэхгүй орчинд хадгалагдаж байгаа шүү.

Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд:

-Намайг сурагч байхад л УДЭТ-ын барилгын асуудлыг ярьж байсан. Одоо нэг жаран өнгөрөх нь. Бид театрын ажилчдын хүнд нөхцөл байдлын талаар олон нийтэд, төр засагтаа  гомдоллож байгаагүй.  Нэг жарны турш яриагүй асуудал анх удаа яригдаж шийдлээ оллоо гэдэгт би маш их баяртай байсан. Энэ барилгыг шинэчлэх тухай асуудалд өөрийн биеэр оролцож, ярьж байсан юм. Одоогоос 10 гаруй жилийн өмнө театрыг сэргээн засварлахад өчнөөн тэрбум төгрөг шаардлагатай гэж Германы мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргасан. Байшинг байшин шиг байлгахын тулд хэчнээн их засвар мөнгө урсаж байна вэ. Үүнийг тооцож байгаа хүн байгаа юм уу. Гаднын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ялзарч, хөгцөрсөн тоосгыг будаад бид ажиллаж болно. Гэхдээ байшин нурахад үзэгчид, тэнд ажиллаж байгаа бидний амь үнэгүй байх юм уу.  Гэхдээ энэ байшинг шинэчилнэ гэдэг нь өнгө зүсийг нь хувиргаж нурааж буй юм биш. Театрын барилгыг өнгө үзэмж, эх төрхөөр нь шинэчилж сэргээн босгоно л гэж ярьж байгаа юм.

Төрийн шаналт найруулагч Н.Наранбаатар:

Урлагийнхан бол соёлыг түгээдэг, хүний оюун тархийг тэжээдэг. Сайн юм хийхэд садаа мунддаггүй гэж ямар үнэн үг вэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар уран бүтээлчдийн нөхцөл байдлыг анхааралдаа авч театрыг шинэчилнэ гэдэгт маш баяртай байна. Уран бүтээлч хүмүүс бол нийгмийн баялаг.  Энэ баялгаа зарим хүмүүс яагаад хог гэж үзээд байна вэ. Театрын барилгыг театрт ажиллаж байсан хүмүүс нь л мэднэ. Дөрвөн баллын газар хөдлөлтөд тэсвэргүй театрын барилгад тоглолт болох үеэр аливаа эрсдэл болбол олон үг ярьсан хүмүүс хариуцах уу. Бүгд л алга болно. Ийм гамшиг болохоос бид сэргийлж дуугарч байгаа юм. Орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх боломжгүй, хана нь модон дан нуруутай, шороон шохойгоор хийсэн ийм барилгын таазанд олон улсын шийдэлтэй, орчин үеийн гэрэл зооход даахгүй. Ийм байхад нураахгүй яах юм. Нураагаад шинэ технологи, шинэ биет, шинэ дэвшилтэт технологи ашиглахаас өөр аргагүй. Нөгөө талаас уран бүтээлчдийн эрүүл ахуйг бодох ёстой. Урлаг бол улс төр биш. Тиймээс битгий улстөржүүл гэлээ.

Мөн Соёлын өвийн үндэсний төвийн дарга Г.Энхбат "Монгол Улсын ууган барилгууд нь соёлын өвд хамаарах шаардлага хангахгүй болсон ч заавал шинэчлэн барих ёстой" гэж байлаа.


 

Холбоотой мэдээ