Бизнес эрхлэгч залуусыг эхний 5 жил татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-10-11 12:35:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнес эрхлэгч залуучуудын "Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" Үндэсний чуулга уулзалт өчигдөр өндөрлөж, зөвлөмж гаргаад байна. Зөвлөмжид:

  • Гарааны бизнес эхлүүлж буй залууст эхний 5 жилийн татварын хөнгөлөлт үзүүлэх,
  • шударга өрсөлдөөнийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчин бүрдүүлэх,
  • хамтын оффисыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт байгуулах,
  • дотоодын болон олон улсын зах зээлд амжилттай нэвтрэхэд гааль, татвар болон бусад дэмжлэгийг эрхзүйн хүрээнд зохицуулж өгөх зэргийг тусгасан байна.

Зөвлөмжид тусгасан дээрх санал санаачилгыг МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл ажил хэрэг болгохоор бүх шатанд тавьж, хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

Чуулганы төгсгөлд болсон "Монгол экспорт" хэлэлцүүлэгт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын худалдааг дэмжих Германы TRAM төслийн ахлах зөвлөх Карл Круг, Монгол дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч М.В.Василиев нар илтгэл тавьж, БНХАУ-ын Баяннуур аймгийн E-export төслийн зохицуулагч Д.Ариунжаргал "Хил дамнасан худалдаа-e-export" төслөө танилцуулсан юм.


Чуулган дээр гарсан зарим саналаас хүргэвэл “Марс Ви" төслийн удирдагч, залуучуудын инноваци хариуцсан зөвлөх С.Эрдэнэболд, “Залуус бид төр засгаас дэмжлэг аваад, мөнгө босгож том төсөл хэрэгжүүлнэ гэж болохгүй. Харин бид түрүүлж ярьж, ойлгуулж, өөрсдөө итгэл үнэмшил дүүрэн байх ёстой. Жишээ нь, манай "Марс Ви" төсөл хүн төрөлхтний Марс гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байх юм.

Манай баг сансар судлалын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачид, инженер техникийн чадварлаг залуусыг эгнээндээ нэгтгэсэн. Бид Марсын сургуулилалтын академи, сансарын судалгааны чөлөөт бүс, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацийн олон улсын төв байгуулах”-аа мэдэгдэв.


"Сургалт, судалгааны Полиси төв"-ийн захирал Г. Эрдэнэгэрэл хэлэхдээ, “Сүүлийн 30 жилийн бизнес бол үнэндээ "коопий паст" байлаа. Гадаад эзэнтэй компанийг Монголд салбарлуулах, гадаад хүний хийсэн юмыг Монголд зарах, гадаад удирдлагатай нэг сүлжээний эрэг шураг болох хэмжээнд л монгол хүмүүс ажиллаж ирсэн. Одоо бид өөрсдөө нэгдээд, өөрсдийнхөө бизнесийг хийцгээе. Чаддаг чаддагаараа дор бүрнээ амбицлах биш дундын ашиг сонирхлоо тодорхойлж, хариуцлагатай хамтарч бизнесээ томруулъя” гэж байв.


"Сор кашимер" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Бархасбадь, “Залуус бидний урмыг хугалдаг зүйл нь ямарваа төсөл, тендэрт оролцлоо гэхэд аль хэдийн гүйцэтгэгч нь тодорчихсон байдаг байдал. Тиймээс бизнес дэх улс төрийн оролцоог хязгаарласан хуулийн бүх заалтыг дэмжиж, үгээ хэлдэг, сонирхдог, оролцдог байх ёстой” гэсэн бол “UA consulting ХХК-ийн захирал А.Урангоо, “Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниа 6 жилийн өмнө байгуулж байхад хүмүүсийн сэтгэлгээ одоогийнхоос тэс өөр байсан.

Юм бүтээдэггүй, бусдын хөрөнгийг зүгээр зуучлаад зардаг, ченжүүд гэж хардаг байсан. Хэдий тийм байсан ч бид зориглоод ямар нэг юмны стандарт үүсгэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Одоо хөрөнгө зуучлал, үл хөдлөхтэй холбогдсон үнэ цэнэ, үйлчилгээний стандарт тогтоод байна. Тууштай байвал стандартыг нэхэх биш өөрсдөө тогтоож чадна” гэж байв.

Б.Болд

Холбоотой мэдээ