Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн сайн туршлагаа хуваалцав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-10-11 18:26:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран “Сайн туршлага-2019” үйл ажиллагааг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт өнөөдөр зохион байгууллаа.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагааг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ жил НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв оролцов.

Энэ үеэр өмнөх “Сайн туршлага-2018”-ын үеэр олонд танилцуулсан шинэ бүтээл, дэвшилтэт технологи, тусламж, үйлчилгээний аргачлалаас өөрсдийн оношилгоо, эмчилгээ, сувилгаа, үйлчилгээндээ нэвтрүүлэн нутагшуулж, түгээн дэлгэрүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг тайлагнаж, урамшуулах юм.

Мөн энэ онд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн шилдэг сайн туршлага, шинэ бүтээл, оновчтой санал, санаачилга бүхий тэргүүн бүтээлээр үзэсгэлэн гаргаж сурталчлах, туршлага хуваалцах, шилдэг технологийг шалгаруулна.

Энэ хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад дэвшил гаргаж шилдгээр шалгарсан болон гэрчилгээ авсан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг энэ сард багтаан зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд 2019 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн тэргүүн туршлагаа хуваалцаж, хэрхэн хэрэгжүүлсэн арга аргачлалаа  дэлгэн үзүүлж буй энэхүү үйл ажиллагаанд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон харьяа эмнэлгийн удирдлагууд оролцож эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүтээлч ажлуудтай танилцав.

Тус үйл ажиллагааг зохион байгуулснаар эрүүл мэндийн байгууллагууд мэдлэг туршлага солилцож, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл нэмэгдсэнээр иргэдэд хүргэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.  Тиймээс шалгарсан сайн туршлагыг эмхэтгэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан товхимол хэвлүүлэх аж.


Холбоотой мэдээ