Шинэ боомт нээлгэхгүйн төлөө гарын үсэг цуглуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-10-22 10:13:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим сумын малчид, иргэд дахин боомт нээлгэхгүйн төлөө гарын үсэг цуглуулаад эхэлжээ. 

Тус аймагт "Байгаль эх хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг ес дэх сумандаа үргэлжилж байна. Энэ үеэр Номгон, Хүрмэн, Ханхонгор сумынхан Цагаан дэл уул Өлзийт боомтыг нээлгэхгүй, тийш нь хатуу хучилттай зам тавиулахгүй гэдэг дээр санал нэгдэж гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Тус аймаг нь хилийн хоёр боомттой бөгөөд тус боомтуудаар нүүрс экспортолж байгаа. Иргэдийн хэлж байгаагаар энэхүү байгаа хоёр боомтоо хүн амьдрах орчин, худалдаа хийх боломжийг нээж өгөөгүй байж дараагийн боомт нээнэ гэдэг нь буруу гэж байлаа. Ханхонгор сумын нутагт байгаа Баруун нарангийн уурхайгаас Номгон, Хүрмэн сумын нутгаар дайран өнгөрөхөөр замын транс гарсан байгаа аж. 240 км  орчим  үргэлжлэх уг замын ихэнх нь буюу 210 км нь Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дээгүүр дайран өнгөрөхөөр байгаа юм байна. 

Мөн Хүрмэн сумын өмнөд говь нутаг нь алслагдсан цөл мэт боловч тэнд нэн ховор 33 зүйлийн хөхтөн амьтан амьдардаг ажээ. Дэлхийн судлаачид уг говийг дэлхий дээрх хамгийн сүүлийн хөндөгдөөгүй говь гэж тэмдэглэн хэлсэн байдаг талаар Гайхамшигт говь аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр уг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. 

Холбоотой мэдээ