Алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-12 10:24:21
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНКУ-ын нийслэл Нур-Султан хотноо болсон Монгол, Казахстаны бизнес форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө, үнэт металл, цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээнд гарын үсэг зурлаа.

Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ төлбөргүй өглөө.

БНКУ нь жилд 70 тонн алт үйлдвэрлэх зорилтынхоо хүрээнд нийслэл Нур-Султанд 2013 онд "Тау-Кен Алтын" алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулж ашиглалтад оруулжээ. Ингэснээр алтыг 99,99 хувь хүртэл цэвэршүүлдэг, жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх боломжтой олон улсын шаардлага хангасан үйлдвэртэй болжээ. Тус үйлдвэр нь "Тау-Кен Самрук" ТӨХК-ийн санхүүжилтээр Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны хяналт, удирдлагаар ажилладаг байна. Монгол, Казахстаны бизнес форумд оролцогчид тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ