Японы Эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд БНСУ-ын Ерөнхий сайд оролцоно

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-10-14 07:28:04

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён Японы Эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд оролцохоор ирэх долоо хоногт Токиог зорино гэж түүний ажлын албанаас өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.


Ли Нак Ён 10 дугаар сарын 22-24-нд Япон улсад айлчлах үеэрээ Эзэн хааныг хаан ширээнд залах ёслол болон Ерөнхий сайд Абэ Шинзогийн зохион байгуулах хүлээн авалтад оролцоно.


БНСУ-ын Ерөнхий сайд мөн “Японы улс төр, бизнесийн салбарын чухал төлөөлөгчид” болон Япон дахь Солонгосын иргэдтэй уулзахаар төлөвлөсөн гэж дээрх мэдэгдэлд дурджээ.


"Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ёслолын арга хэмжээнд оролцохгүй" гэж Хөх ордны төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдэлд Сөүлийн эсрэг чиглэсэн худалдааны хязгаарлалтын талаарх Японы байр суурийг онцолсон байжээ. Ли Нак Ёны айлчлал хоёр орны харилцааг сайжруулж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байна.


“Солонгос-Японы харилцааг сайжруулахын тулд Сөүл бүхий л хүчин чармайлтыг гаргаж байна. Энэхүү айлчлал харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна” гэж Хөх ордны төлөөлөгч “Yonhap” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. 

Холбоотой мэдээ