Си Жиньпиний айлчлал бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүллээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-10-14 11:30:02

КАТМАНДУ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпиний Энэтхэг, Балба улсад хийсэн айлчлал талуудын харилцааг шинэ түвшинд гаргаж, Өмнөд Азид найрсаг харилцааны шинэ суурийг бий болгож, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөвийг нээлээ гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.


Си Жиньпин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой тус улсын Ченнай хотод хоёр дахь удаагаа албан бус уулзалт хийж, Балба улсад төрийн айлчлал хийсний дараа Бээжин хотод өнгөрсөн ням гарагийн орой ирсэн байна.


“БНХАУ-ын дарга Энэтхэгт айлчлах хугацаандаа Н.Модитой санал бодлоо солилцож, Хятад, Энэтхэг үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө зэрэгцэн тэмцэж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг анхлан хэрэгжүүлсэн талаар ярилцаж, хоёр орны ирээдүйн харилцааны талаар хэлэлцсэн” гэж Ван И мэдээлжээ.


Талууд өндөр түвшний эдийн засаг, худалдааны яриа хэлэлцээний механизмыг бий болгож, хоёр орны эдийн засгийн хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, үйлдвэрлэлийн салбарт түншлэлийн харилцаа бүрдүүлэх арга замыг эрэлхийлж, хоёр талын худалдааны тэнцвэртэй, тогтвортой өсөлтийг хангахаар тохиролцсон байна.


Балба улсад сүүлийн 23 жилийн хугацаанд хийсэн БНХАУ-ын даргын анхны айлчлалын үеэр Си Жиньпин болон Балбын удирдагчид хоёр талын харилцааны ирээдүйн хөгжлийг хамтран төлөвлөж, хамтын ажиллагааны 20 баримт бичигт гарын үсэг зуржээ. Хоёр талын харилцаа шинэ түвшинд гарсан хэмээн Ван И хэлжээ.


Хоёр орны удирдагчид мөн “Бүс ба Зам” санаачилгыг Балбын үндэсний хөгжлийн стратегитай уялдуулахаар тохиролцсон байна. Мөн боомтууд, хурдны замууд, төмөр замууд, харилцаа холбооны төслүүдээр дамжуулан Хималайг дамнасан олон хэмжээст холбооны сүлжээг байгуулах ажлыг түргэсгэж, Хятад-Балбын хил дамнасан төмөр зам байгуулах боломжийг судална гэж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ