Завханы 13 сум нийтийн спортын талбайтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-15 08:53:29

Завхан/МОНЦАМЭ/Завханы Тэлмэн сумын нийтийн биеийн тамир спортын талбай олон хөлийн газар болжээ. Тус спортын талбайг улсын төсвийн 100,0 сая төгрөгөөр Энх-Өвөгдий ХХК барьжээ.

Тус компани өнгөрсөн хавраас нийтийн спортын талбайн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд хугацаанд нь ийнхүү хүлээлгэн өгсөн нь иргэдийн талархлыг хүлээгээд байна. Учир нь тус талбай өнөөдөр хүүхэд хөгшид, залуучуудын байнгын очдог газар болсон төдийгүй зарим чийрэгжүүлэх тоног төхөөрөмжүүд дээр нь багагүй дараалал үүсдэг ажээ. Хөдөөгийн сумын иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг орон нутагт хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болсон тус талбай сум бүрд байгуулагдах ажээ. Тухайлбал өнөөдрийн байдлаар Завханы 13 суманд тус бүр улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгөөр нийтийн биеийн тамир, спортын дээрх шиг талбайг барьжээ. Дашрамд дуулгахад Энх-Өвөгдий ХХК нь Яруу, Идэр, Нөмрөг сумуудад нийтийн спорт талбай байгуулах ажлыг гүйцэтгэжээ.

 Шилүүстэйн иргэдийн бүлэг спортын талбай барьжээ

Завханы урд бүсийн сумдаас өнгөрсөн жил Шилүүстэй сум орон нутгийн хөгжлийн сангийн 6.1 сая төгрөгийн санхүүжилтээр спорт, тоглоомын талбайг барьж ашиглалтад оруулжээ.
Энэхүү спортын талбай нь найман метрийн өргөн, 14 метр урт, дөрвөн метрийн өндөртэй талбай бөгөөд иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломжтой болжээ. Тус бүтээн байгуулалтыг сумын зургаан иргэн бүлэг болж хамтран өөрсдийн гараар барьж тохижуулсан нь бусад сумдаасаа онцлог бүтээн байгуулалт болжээ. "Манай иргэдийн бүлэг гэрээнд заасан хугацаанд стандартын дагуу талбайн ажлыг чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Иж бүрэн спортын талбайтай болсноор сумын хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ахмад настнууд дасгал хөдөлгөөн хийх боломжтой болсон төдийгүй хүн холхисон талбай болсон. Манай сумын өнгө үзэмжид ч чимэг болсон бүтээн байгуулалт болсон юм. Түүнчлэн орон нутгийнхаа хөгжлийн сангийн хөрөнгийг хэрэгцээтэй, шаардлагатай бүтээн байгуулалтад иргэдийнхээ саналаар  зарцуулсан нь ч үр дүнгээ өгснийг  харахад таатай байдаг" хэмээн Шилүүстэй сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ