Хонконгт 201 хүнийг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-10-15 10:47:03

ХОНКОНГ. /Kyodo/. Сүүлийн өдрүүдэд өрнөсөн Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр 201 хүнийг баривчилсан гэж Хонконгийн цагдаагийн газраас даваа гарагт мэдээлсэн байна.


Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас ням гарагийн хугацаанд баривчлагдсан хүмүүс хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, нүүрээ халхалсан баг өмсөх зэрэг зөрчил гаргасан гэж цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ.


“Иргэдийн аюулгүй байдалд заналхийлж, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулсан” хэмээн Хонконгийн Засгийн газар жагсаалд оролцогчдыг хурцаар шүүмжилсэн байна.


Цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр, нэгэн жагсаалын үеэр цагдаагийн хэд хэдэн машины ойролцоо тэсрэх бөмбөг байж болзошгүй төхөөрөмжийг байрлуулсан байсан аж. “Үймээн самуун дэгдээгчид хүн амины хэрэг үйлдэхийг завдсан” гэж цагдаагийн төлөөлөгч xэлжээ.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр дэлгүүрүүд болон метроны буудлуудыг сүйтгэсэн хэрэг олон гарсан байна. Ням гарагийн жагсаалийн үеэр 14-73 насны 73 хүн гэмтсэнээс 6 хүний биеийн байдал хүнд байгаа аж.


Жагсагчид даваа гарагийн орой Хонконг дахь хүний эрхийг хүндэтгэх хууль батлахыг АНУ-ын хууль тогтоогчдод уриалсан байна. 

Холбоотой мэдээ