Газрын тос боловсруулах үйлдвэрт зориулсан импортын татварыг буцаан олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-15 16:10:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар, Монгол Улсад БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилтээр байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барихад зориулж импортлосон барааны гаалийн татварыг буцаан олгох юм. 


Хуулийн төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар тус тус  танилцуулав. 


Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэрт шаардлагатай автозам, төмөр зам, цахилгаан хангамж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хийж дууссан төдийгүй, үйлдвэрийн технологийн болон ундны усны хангамжийг шийдэж, үйлдвэрийн хэрэгцээнд зориулан нийт 405,17 га газрыг улсын хэрэгцээнд аваад байна. Түүнчлэн Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компанитай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг 2019 оны 5 дугаар сард байгуулснаар, үйлдвэрийн зураг төсөл болон дараагийн шатны ажил хийгдэх нөхцөл бүрдсэн гэж танилцуулгад дурдсан. 

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжид шаардагдах дотоодын аж ахуйн нэгжээс хангагдах боломжгүй импортоор оруулж ирэх бараа, материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Батнасан, Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхдөө татвараа төлүүлээд дараа нь тухайн хэмжээгээр буцаан олгож, чирэгдэл учруулах шаардлага байгаа эсэхийг лавлалаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварын багц хуулийн  шинэ зохицуулалтын хүрээнд гаалийн албан татвараа төлчихөөд дараа нь буцаан 100 хувь авснаар татвараас зайлсхийх, бултах байдлыг хязгаарлана гэж байв.


Ингээд Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ