Завханд 2050 гаруй хүн мод тарьжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-10-15 16:51:35

Завхан /МОНЦАМЭ/. Мод тарих үндэсний өдрөөр "Ногоон паспорт-ногоон-төгөл" цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 550 гаруй мод нэмж тарьжээ.

Тус төглийг Улиастай сумын Богдын гол багийн нутагт нийт 3.5 га талбайд байгуулсан бөгөөд өнгөрсөн хавар 560 гаруй мод тарьжээ. Мод тарих үндэсний өдрөөр иргэд идэвхтэй оролцож өнгөрсөн жилийн тарьсан модондоо цэнэг усалгаа, арчилгааг хийжээ. Харин аймгийн хэмжээнд энэ өдөр 24 сумын 6560 гаруй долоон төрлийн навчит модыг 2050 гаруй хүн оролцож тарьжээ. Мөн өдөр аймгийн төв, Улиастай суманд гэхэд 14 төрийн байгууллага, иргэд 1300 ширхэг тарьц суулгацыг тарьсан байна. "Ногоон паспорт-ногоон-төгөл" цэцэрлэгт хүрээлэнг улсын хэмжээнд 21 аймагт “Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд байгуулжээ.

Тэлмэн сумын дэлгүүр хоршоо хүүхдүүдийн урласан даавуун торыг хэрэглэдэг болжээ

“Хандлагаа өөрчилье” аян Завхан аймагт үр дүнтэй хэрэгжиж байгаа талаарх мэдээллийг аймгийн БОАЖГ-аас нэмж дуулгалаа.

Аяны хүрээнд Завхан аймагт хогоо заавал хогийн саванд хийх, телевизээ залгуураар нь унтраах зэрэг жижигхэн үйлдлээр ч байгалиа хамгаалж болохыг “Ногоон паспорт” аянд оролцсон ногоон паспорт бүхий өсвөр үеийнхэн идэвхтэй уриалж манлайлж байгаа. Ногоон паспорт аяныг өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, байгаль хамгаалах үйлсэд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд өнгөрсөн жилээс өрнүүлж эхэлсэн юм. Хэдийгээр аяныг эхлүүлээд нэг жил болсон ч ногоон паспорт эзэмшигч хүүхдүүд өөртөө болон гэр бүл, найз нөхдөдөө зөв хандлага түгээж, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан байгаль хамгаалахад хувь нэмрээ оруулж байгааг харахад бахархууштай байна. Завханы хүүхдүүд сургуулийнхаа эко клуб, анги хамт олноороо хаягдал батарей цуглуулах, булаг, шанд, ойн хогийг түүх, нийлэг уутнаас татгалзаж, даавуун тор үйлдвэрлэх зэргээр идэвхтэй оролцож байгаа.

Түүнчлэн сургууль бүрийн хүүхдүүд аянд амжилттай оролцсон туршлагаа солилцох, сурагчдын байгаль орчныг хамгаалах талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор ногоон паспорт эзэмшигч багш, сурагчдын уулзалтыг сургууль бүр дээрээ зохион байгуулсан. Тухайлбал Тэлмэн сумын 11-р ангийн сурагч Б.Анхзаяа: -“Тогтвортой хөгжил нь нийгэм, эдийн засаг, байгаль гурвын холбоонд тулгуурладаг. Тиймээс байгалиа хамгаалах талаар зөв хэвшил, хандлагатай болох нь их чухал юм байна. Манай сургуульд Эко клуб гэж бий. Манай клубийнхэн гадна тохижилт, цэцэгжүүлэлтэд түлхүү анхаардаг байсан бол энэ жил бусад сум орон нутагт өөрсдийгөө таниулъя гэдэг үүднээс нийлэг уутнаас татгалзаж, даавуун тор үйлдвэрлэдэг болсон. Даавуун тороо гэрийнхнээсээ эхэлж хэрэглүүлсэн. Одоо манай сумын байгууллагууд, хүнсний дэлгүүрүүд ч даавуун тор хэрэглэж хэвшиж байгаа” хэмээн бидэнд илгээсэн гэлээ. 

Холбоотой мэдээ