Ж.Чинбүрэн: ХСҮТ-ийг өргөтгөхөд 19.3 тэрбум төгрөг шаардлагатай

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-15 18:01:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв.


Хуулийн төсөлд иргэдийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зохицуулалтыг тусгасан байна. Тодруулбал, 40 болон түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд  1-2 удаа, ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа хамруулах юм. Мөн 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгиний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах аж. Жил бүрийн товлосон хугацаанд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах юм. Харин товлосон хугацаанд ирээгүй бол иргэн өөрөө шинжилгээний зардлаа хариуцахаар тусгажээ.


Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг өргөтгөхөд хэдэн төгрөг зарцуулахыг тодруулав.


ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, Засгийн газраас ХСҮТ-ийг өргөтгөхийг дэмжсэн бөгөөд “Энэрмед” эмнэлгийн байрын тодорхой хэсгийг ашиглахаар гэрээ хийсэн. Одоогоор санхүүжилтийг шийдээгүй байгаа. Дээрх барилгыг өргөтгөл болгоход 19.3 тэрбум төгрөг шаардлагатай. Үүний 5.9 тэрбум төгрөгийг нь тохижилт, тоноглолд зарцуулах бол тус төвийн урсгал зардалд 13 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм. Нийт санхүүжилтийн 4.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх бол 1.5 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны орлогоос бүрдүүлэх, үлдсэн хувийг даатгалын сангаас гаргах боломж бий" гэлээ.


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас төслийн агуулга, зарчмыг алдагдахгүйгээр хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Ийнхүү Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, батлах эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөөд буй юм.


Мөн байнгын хорооны хуралдаанаар Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар, Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийн ажлын багийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан байгуулав.

Холбоотой мэдээ