Иргэн, байгууллага бүр хогоо зөв ангилан ялгах дадлыг эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-15 18:24:11

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 сумын хогийг дарж булах, эзэнгүй хог хаягдлыг ачиж зайлуулах, сум бүрийг хогийн машинтай болгох ажлыг сүүлийн гурван жил эрчимтэй хийж өнөөдөр бүх сум хог ачдаг зориулалтын машинтай болжээ.

Үүний хүрээнд энэ жил таван сум хогийн зориулалтын автомашинтай болжээ. Харин аймгаас нэгдсэн бодлого боловсруулж хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааны техник, технологийг шинэчилж аймгийн хэмжээнд хогийг зөвхөн ангилж ялгаж ачуулах төслийг боловсруулан иргэдээсээ санал авчээ. Өнөөдөр аймгийн хэмжээнд иргэн, байгууллага бүр хогоо зөв ангилан ялгах дадлыг эзэмшиж байгаа аж. Мөн эко Завхан аяныг жил бүр өрнүүлснээр эзэнгүй хог хаягдал ч буурсан байна. Энэ жилийн хавар, намрын их цэвэрлэгээнд давхардсан тоогоор 10180 га талбайд 15420 тонн хог хаягдлыг цэвэрлэж 12 мянга гаруй иргэн хамрагдсан дүнтэй байна.

Дашрамд дуулгахад, Завхан аймгийн БОАЖГ-аас энэ 10 дугаар сарыг “Хоггүй цэвэрхэн Завхан аймаг” нэртэй уриалгыг гаргаж хогийн савны аян зарлажээ. Уриалгын дагуу аймгийн хэмжээнд ААН байгууллага, иргэдийг гаднаа хогийн савтай болцгооё хэмээн уриалж байгаа аж. Тус уриалгыг дэмжиж иргэд цахим орчинд саналаа дуулгажээ.

Тухайлбал Улиастай сумын иргэн зураач М.Анхцэцэг гэхэд хаягдал цаас, хуванцрыг ашиглаж хогийн сав хийх зорилготой иргэдийг урландаа урьж хамтран ажиллахаа дуулгажээ. Харин иргэн Д.Азжаргал иргэдийг хогоо ялгаж, ангилж сургахын тулд ангилах тухайн хогны нэртэй амархан урагдаж гоожихооргүй томоохон гялгар уут ашиглахыг санал болгожээ. Мөн Япон улсад ангилж хаях хогны нэртэй уутыг дэлгүүрүүдэд хогны мөнгийг нь шингээгээд зарж байдаг. Иргэд ялгаж ангилаагүй буюу зориулалтын бус уутанд хийж хаявал маш өндөр торгууль ирдэг. Хогны уутан дээр тухайн дүүрэг, ангилан хаях хогны нэр, тухайн хогийг авдаг компанийн хаяг, утасны дугаар байдаг. Иргэд болон хог авч байгаа иргэн байгууллагуудад маш хэрэгтэй юм гэсэн саналыг нэмж дуулгажээ. 

Холбоотой мэдээ