Таримал ургамлын шинэ сорт бүтээхийг төрөөс дэмжинэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-15 22:54:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /БОХХААБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.


Хуулийн төслийг 1999 онд батлан,  хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан  байна. Таримал ургамлын үр, сортын тухай хууль нь таримал ургамлын удмын санг хамгаалах, шинэ сорт бүтээх, түүнийг сорих, нутагшуулах, бүртгэх, шинэ сортыг өмчлөх, ашиглах, таримал ургамлын удмын санг  хамгаалах, ашиглах болон үрийн тариаланг эрхлэх, сортын цэвэршилт, үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн нөөц бүрдүүлэх, захиран зарцуулахтай  холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулж чадахгүй байна гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулгадаа дурдав.



2011, 2016 онд  хийсэн судалгаагаар уг хууль нь давхардал, зөрчил ихтэйгээс гадна таримал ургамлын шинэ сорт бүтээх, ашиглах болон үр үйлдвэрлэлтэй холбогдсон харилцааг бүрэн хамарч зохицуулаагүй байна. Иймд шинээр боловсруулсан уг хуулийн төсөл нь 31 зүйлтэй бөгөөд хуулийн зорилго нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлд үрийн чанарын хяналт, баталгаажуулалт, үрийн худалдааг эрхлэх, үрийн импорт, экспорт, үндэсний сортын бүртгэлийг шинээр зохицуулахаар тусгасан. Мөн таримал ургамлын шинэ сортын хамгаалалт, сортын зохиогчийн эрхийг олгох нөхцлийг тусгаж, таримал ургамлын шинэ сорт бүтээхийг төрөөс дэмжих, шинэ сортын мэдүүлэг гаргах, мэдүүлгийг шалгах, түр зуурын хамгаалалт, шинэ сортын зохиогчийн эрх олгох асуудлыг Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын конвенцийн /1991 он/ зарчимд нийцүүлэн боловсруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Хуралдаанд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.



Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Батзориг  нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд монголд хэчнээн сортын үрээр тариалалт эрхэлж байгааг тодруулахын зэрэгцээ үрийн шинэчлэлтийг хэдий хугацаанд хийдэг, үндэсний шинэ сортыг гаргаж байгаа эсэхийг илүүтэй лавлав.


Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, 26 сортын үрээр тариалж байгаагаас  5-6 сортын үрээр түлхүү тариалж байна. Шинэ сортын үрээр тариалаад дээд тал нь таван жил болсны дараа үрээ сольж, шинэчлэх зохицуулалттай байдаг. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан улсын төсвийн хөрөнгөөр жил бүр,  аж ахуйн нэгжүүд өөрсдийн боломжоор үрийн шинэчлэлт хийдэг хэмээн Ажлын багаас хариулав. Мөн өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд үрийн аж ахуйн тогтолцоог шинээр бий болохоор ажиллаж байна. Салбарын яамнаас 13,14 аж ахуйн нэгжид үрийн тусгай зөвшөөрөл олгож, үүнийгээ түшиглэн үрийг нутагшуулах, тариалах хэлбэрээр үрийн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнг түшиглэнэ. Мөн өнгөрсөн жил ОХУ-ын Эрхүү мужийн хүрээлэнтэй хамтран тэжээлийн болон улаан буудайны шинэ сортын үрийг оруулж ирэн Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнд нутагшуулахаар ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Цаашлаад БНКазУ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, энэ чиглэлээр ажлаа өргөжүүлж байгаагаа Ажлын багийнхан хариултдаа онцлов. Түүнчлэн шинэ сортын хамгааллын асуудлыг хуулийн төсөлд шинээр тусгасан. Өнөөдрийн байрлаар,  монголд шинэ сортын зохиогчийн эрх авсан нэг ч бүтээл  бүртгэгдээгүй. Шинэ сорт бүтээх ажил нь нэг багийн 10-15 жилийн хөдөлмөрийн үр шим байдгийг хариултдаа онцолж байлаа.



Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Батзориг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Холбоотой мэдээ