Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-16 10:21:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. 


Монгол Улс нь Хятад улс 1949 онд байгуулагдахад хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, эрх тэгш дипломат харилцаа тогтоосон цөөн улсын нэг юм. Тухайн оны 10 дугаар сарын 16-нд хоёр тал харилцан захидал солилцож, дипломат харилцаа тогтоосон байна.


Шинэ Хятад улс байгуулагдахад Монгол Улс /1949.10.16/ хүлээн зөвшөөрсөн найм дахь орон болсон. Хамгийн эхэнд хуучнаар ЗХУ /1949.10.03/, дараа нь Болгар /1949.10.04/, Румын /1949.10.05/, Унгар, Чехословак, Хойд Солонгос /1949.10.06/, Польш /1949.10.07/ зэрэг орон тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрч байжээ. 


Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд өнөөдөр Төрийн ордонд тус ойд зориулан бүтээсэн маркийн нээлт болно. Мөн Монголын үндэсний музей Улаанбаатар дахь Хятадын соёлын төвтэй хамтран “Найрамдал, хамтын ажиллагаа-Соёлын дурсгалууд” үзэсгэлэнг нээх юм байна.

 

Ташрамд дурдахад, 1950-1960-аад оны үед БНХАУ-аас Монгол Улсад буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн шугамаар зам гүүр, орон сууцны хороолол, үйлдвэр завод, цахилгаан станц зэргийг барьж өгсөн нь өнөөдөр ч ашиглагдсаар байна. Улаанбаатар хотод гэхэд Улсын их дэлгүүр, Энхтайвны гүүр, Биеийн тамир, спортын ордон, Гуравдугаар цахилгаан станц, Улаанбаатар-Налайхын автозам, Налайхын шилний үйлдвэр, Сэлэнгэ аймагт чүдэнзний үйлдвэр, Хархорины усжуулах суваг гээд олон жишээг дурдаж болно. Өнөөдөр ч найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон бүтээн байгуулалтууд үргэлжилсээр байна. Тодруулбал, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, Улаанбаатар-Налайхын 20.9 км автозам, Нисэхийн хурдны зам, Замын цагдаагийн гүүрэн гарц, Завханы Тосонцэнгэл-Улиастайн 67 км автозам, Баянхонгор-Говь-Алтайн чиглэлийн 127 км автозам зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна.

Холбоотой мэдээ