УИХ-ын 2019-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-16 18:42:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын стратеги төлөвлөгөөг шинэчилж боловсруулсан төслийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Ажлын багийн гишүүдэд өнөөдөр  танилцуулав.


УИХ-ын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулжээ. Өмнө нь, УИХ-ын 2002 оны тавдугаар сарын 24-ны 22 дугаар тогтоолоор таван зорилт, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан стратеги төлөвлөгөөг баталсан. Үүнээс хойш 17 жил болсон учир шинэчлэн батлах шаардлага үүссэн талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулгын эхэнд онцлоод, 2019-2024 он хүртэл хэрэгжүүлэх УИХ-ын стратеги төлөвлөгөөний төсөлд зургаан зорилго, 11 зорилтыг дэвшүүлж, энэ хүрээндээ 67 ажил хэрэгжүүлэхээр нарийвчлан төлөвлөснийг дэлгэрэнгүй тайлбарлалаа.  


Төслийг боловсруулахдаа улс орнуудын парламентын стратеги төлөвлөгөөнд шинээр тусгаж байгаа зорилго, зорилтуудыг судалж, Олон улсын парламентын холбооноос зөвлөмж болгодог хууль тогтоох, хянан шалгах үндсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийг хангаж, итгэлийг хүлээсэн, мэргэшсэн, чадавхтай, хариуцлагатай парламентыг бий болгох эрхэм зорилго дэвшүүлсэн байна.  



Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийг мөн Олон улсын парламентын холбооноос зөвлөсөн Тогтвортой хөгжлийн зорилгын өөрийн үнэлгээний арга зүйг ашиглан боловсруулжээ. 


Төгсгөлд нь Ажлын багийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, ажлын дэд багийн боловсруулсан төслийг сайшаагаад, гишүүдийн саналыг төсөлд нэмж тусган УИХ-ын даргын Зөвлөлийн хуралд танилцуулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, УИХ-ын тогтоолоор батална гэдгийг тайлбарлалаа.

Холбоотой мэдээ