Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийг өсгөхийн тулд өгөөжтэй төсөлд л хөрөнгө оруулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-17 18:50:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.


Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.6 хувь, төсвийн алдагдал ДНБ-ий 15.3 хувь, Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 78.8 хувьтай тэнцэж байв. Засгийн газраас эдийн засгийн хүндрэлээс гарахад анхаарч өмнө гарсан бодлогын алдааг засах, ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, ард иргэдийнхээ тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэх аргыг эрэлхийлэн эрчимтэй, шуурхай ажилласны үр дүнд 2018 онд эдийн засаг 7.2 хувиар өссөн. Гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдэж, 7.5 их наяд төгрөгийн өр, зээлийг төлсөн, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах болсон зэрэг эерэг өөрчлөлт гарч байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны төсвийн төслийг танилцуулахдаа онцолсон.


Тэрбээр, “2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ нь төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсны зэрэгцээ төсөв 2010 оноос хойш ашигтай анхны тохиолдол. Эрдэс баялгийн орлогыг тэнцвэртэй хуваарилах, нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг санхүүгийн хөрөнгө болгон ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус санд 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 368.2 тэрбум төгрөгийг хуримтлуулаад байгаа бөгөөд манай улс анх удаа эрдэс баялгийн орлогоосоо бодит хөрөнгийн хуримтлал үүсгэж, байгалийн баялгийн өгөөжийг тэнцвэртэй хүртээх боломж бүрдэж байгаа юм. 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсрууллаа” хэмээв. (Ерөнхий сайдын мэдээллийг бүрэн эхээр энд дарж үзнэ үү)


Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2020 оны төсвийг өргөн барихдаа Аудитын газраас ирүүлсэн зөвлөмж, дүгнэлтийг бодитой тусгасан эсэхийг тодрууллаа. Аудитын байгууллагаас төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газарт гадаад, дотоод хүчин зүйлийг бодитой тооцдоггүй, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баримталдаггүй зэрэг зөвлөмжийг хүргүүлээд буй юм.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “2020 онд эдийн засгийн хэд хэдэн эрсдэл бий. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурах, дотоодод өвөлжилт хүндрэх зэрэг. Тиймээс эдийн засгийг өсгөх, өсөлтийг хүртээмжтэй байлгахын тулд улсын төсвөөр үр дүнтэй, өгөөжтэй төсөлд л хөрөнгө оруулахаар тооцсон” гэсэн хариулт өглөө.


Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монгол Улсад хавдрын өвчлөл нэмэгдэж байгааг дурдаад, нийт 38 тэрбум төгрөгөөр шүүхийн сургалтын төв, прокуроруудын нэгдсэн төв барих зардлыг хасан, Хавдар судлалын үндэсний төвийн барилгыг өргөтгөх шаардлагатай хэмээсэн юм.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төсөвт баялаг бүтээгчдийг дэмжих зардал тусгах шаардлагатай гэдгийг онцолж байлаа.  Тэрбээр, “ХХААХҮЯ-ны зардал 163 тэрбум төгрөг. Үүнээс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжихэд хэдэн төгрөг зарцуулах вэ” хэмээн тодрууллаа.


ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “ХХААХҮЯ-ны урсгал зардлыг 163.4 тэрбум төгрөгөөр тооцсон. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бүтээгдэхүүний сан бий болгож, нэгдсэн бодлогод зангидан, уялдааг нь сайжруулах юм. Энэ санд 66 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэсэн хариулт өгөв.


Мөн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнгөрсөн гурван жилийн төсөв ард иргэдэд хүртээлтэй байж чадаагүй хэмээн шүүмжлэв. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сүүлийн хоёр жилд төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн инфляцитай уялдуулан нэмж, иргэдийн орлогыг дэмжиж буйгаа дурдлаа.


Ийнхүү төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын бүх байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулган өндөрлөв.

Холбоотой мэдээ