Д.Сумъяабазар: Нефтийн үйлдвэрийн ТЭЗҮ 11 дүгээр сард бэлэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-18 16:42:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Хуулийн төсөлд, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын байр барихад шаардлагатай барааны импортын татварыг буцаан олгохоор зохицуулжээ. 


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулсан нэг тэрбум  236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжид шаардагдах дотоодын аж ахуйн нэгжээс хангагдах боломжгүй импортоор оруулж ирэх бараа, материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, дараа жилийн эхний улиралд багтааж буцаан олгохоор хуулийн төсөлд боловсруулсан байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил Хөгжлийн банкны ямар хэмжээтэй зээлээр хэрэгжсэнийг тодруулав. Одоо ажилчдын орон сууц барих гэж байгаа бөгөөд яг үйлдвэрийнх нь тоног төхөөрөмж хэзээ орж ирэх, ТЭЗҮ бэлэн болсон эсэхийг асуув. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, "Энэтхэгийн талаас анх нэг тэрбум гаруй ам.долларын өртөгтэй технологийн ТЭЗҮ санал болгосон гэдгийг тодотгоод, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр, нэвтрүүлэх технологи өөрчлөгдсөн. Тиймээс Энэтхэгийн тал нэмэлт шаардлагатай 236 сая ам.долларыг тооцон ТЭЗҮ боловсруулахаар болсон хэмээгээд, ТЭЗҮ 11 дүгээр сард бэлэн болж, ирэх оны гуравдугаар сард шав тавина" гэлээ. Мөн үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг Хөгжлийн банкны 269 сая ам.долларын хөрөнгөөр байгуулж, улсын комисст хүлээлгэн өгсөн гэлээ. Тодруулбал, 18 км цахилгаан хангамжийн шугам, дэд станц, 17 км хатуу хучилттай автозам, 27 км салаа төмөр замыг барьж, ашиглалтад оруулжээ.



УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, хуулийн төслийг хугацаатай эсэх, одоо төлчихсөн байгаа татвараа буцаан олгох нэг удаагийн хууль мөн эсэхийг тодруулав. Сангийн яамны төсвийн орлогын хэлстийн дарга Б.Тэлмүүн, өргөн барьсан хуульд 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл дагаж мөрдөхөөр тусгасныг тэмдэглэв. Мөн тухайн татварын жилд ногдуулан төлсөн гаалийн татварыг 100 хувь хөнгөлж, дараа жил буцаан олгосугай гэж томьёолсныг дурдаад, татварын хөнгөлөлт хэлбэрээр ногдуулан бүртгэж, төлснийх нь дараа буцаан олгодог олон улсын жишигт нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн гэж тайлбарлалаа. 


Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг хаанаас, хэрхэн хангах асуудлыг хөндөв.  Тэрбээр, “Анх Дарханд газрын тосны үйлдвэр барихаар 650 сая ам.долларын ТЭЗҮ гараад 80 хувийнх нь хөрөнгийг Япон талаас оруулахаар болсон. Гэтэл түүхий эдээ хаанаас хангах вэ гэдэг асуудал үүсэж, даамжирсаар төсөл замхарсан" хэмээн анхааруулав. Манай улс Хятадын "Петро чайна" компанитай түүхий нефтээ 28-72 хувиар хуваах гэрээтэй гэдгийг хэлээд, Нефтийн үйлдвэрийн хэрэгцээг хангахын тулд Хятадаас нефть худалдаж авах шаардлага үүсэх эрсдэл байгааг хэрхэн тооцсоныг тодруулав. 



“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг, “Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр нь 680 сая ам.доллараар босохоор байсан ч эцэстээ нэг тэрбум 500 мянган ам.доллар болж, түүхий тос нийлүүлэх ганцхан үйлдвэртэй санамж бичиг байгуулаад байв. Харин одоо барих үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийн тухайд хэлэхэд, 1.5 сая тонны хүчин чадалтай. Энэ бол бага оврын үйлдвэр юм. Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2010 онд хүлээж авсан нөөцөөр, 2016-2042 он хүртэл жил бүр 1.6 сая тонн газрын тос олборлоно гэж тооцсон. Батлагдсан нөөцөөрөө ТЭЗҮ хийсэн. Үйлдвэрийн хүчин чадал үүнээс 10 хувиар илүүг боловсруулах чадамжтай.  Манай үйлдвэр 100 хувь газрын тосоо дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авбал, жилд 568 сая ам.долларын зардал гарч байна. Үүний 90 хувь нь түүхий тосны зардал. 60 гаруй хувьд нь дизель түлш үйлдвэрлэнэ. Үүний литр тутмыг нь мянган төгрөгөөр үйлдвэрээс гаргалаа гэж бодоход, үйлдвэрийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлнэ. Засгийн газар “Петро чайна” компанитай байгуулсан гэрээнийхээ хүрээнд өөрт ноогдох 28.2 хувийн тосоо үнэ төлбөргүйгээр эхний ээлжинд энэ үйлдвэрт нийлүүлснээр, үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөж 30 хувь буюу 244 сая тонны цэвэр ашигтай байх юм” хэмээн хариуллаа. 


Инйхүү санал хураахад, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Ташрамд дурдахад, Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай автозам, төмөр зам, цахилгаан хангамж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хийж дууссан төдийгүй, үйлдвэрийн технологийн болон ундны усны хангамжийг шийдэж, үйлдвэрийн хэрэгцээнд зориулан нийт 405,17 га газрыг улсын хэрэгцээнд аваад байна. Түүнчлэн Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компанитай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг 2019 оны 5 дугаар сард байгуулснаар, үйлдвэрийн зураг төсөл болон дараагийн шатны ажил хийгдэх нөхцөл бүрдсэн байна. 


Холбоотой мэдээ