Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
Архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх, хадгалалт хамгаалалт аюулгүй, найдвартай байх, ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, шуурхай байх, албан хэрэг хөтлөлтийн болон архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт тогтмол үнэн зөв, бүрэн байх шаардлагатай хэмээн үзэж Архив, албан хэргийн хөтлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулахаар төсөлд тусгасан бөгөөд ингэснээр баримт бичигтэй ажиллах албан хаагчдын хариуцлага сайжрах ач холбогдолтой. Түүнчлэн архивын баримтын зэрэглэлийг тогтоох, архивын сан хөмрөгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын асуудлыг зохицуулсан хэм хэмжээг шинэчлэх зэрэг зохицуулалтыг хуульчилснаар архивын үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн тогтолцоогоор явагдах боломж бүрдэх юм байна.
Хуулийн төсөл 8 бүлэг 50 зүйлтэй бөгөөд төрийн архивт хамаарах архивыг тодорхойлж, чиг үүргийг нарийвчлан зааж, холбогдох зохицуулалтуудыг тусгажээ. Мөн архивын байгууллагын бүтэц, орон тооны асуудлыг нарийвчлан, хуульчлахаар төсөлд тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж, ажлын багаас хариулт өгсөн. Ажлын багийн хариултад, улсын хэмжээнд Цэрэг, тагнуул, шүүх, прокурорын зэрэг 37 төрлийн төрийн архивын газар ажиллаж байгааг дурдсан.
Ингээд санал хураахад, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь нь дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдааны шууд дамжуулалт