Ирээдүй өв сан анх удаа 363 тэрбум төгрөгийн хуримтлалтай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж бүхэлд нь дэмжив.
Засгийн газраас дээрх хуулийн төслийг, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлжээ. Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хавсаргажээ. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлжээ.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулав.
Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж, үр дүнг нь Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн сайд илтгэлдээ онцлоод энэ хүрээнд зарим хуульд зохих зохицуулалт оруулахаар боловсруулсан тухайгаа танилцуулав. Тухайлбал, Газрын төлбөрийн тухай хууль 1997 оноос хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг, хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаатай холбогдуулан газрын бүртгэлийг ил тод болгох, цахимжуулах, газрын төлбөр ногдуулалт, төлөлтийг хялбарчлах, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсжээ.
Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг газрын суурь үнэлгээ болон итгэлцүүрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээнд зааснаар ногдуулан төлөхөөр зохицуулсан. Гэвч Засгийн газраас суурь үнэлгээ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас итгэлцүүр шинэчлэн тогтоох бүрд иргэн, аж ахуйн нэгжтэй байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, түүнд заасан төлбөрийн хэмжээг тухай бүрд нь шинэчлэх шаардлага үүсдэг байна. Гэрээг нэг бүрчлэн шинэчлэн байгуулах нь иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулах цаг хугацаа шаардсан ажил болдог бөгөөд одоогийн байдлаар улсын хэмжээнд гэрээ шинэчлэн байгуулах ажил 30 орчим хувийн хэрэгжилттэй байгаа аж. Үүнээс шалтгаалан Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газраас тогтоосон газрын суурь үнэлгээний дагуу газрын төлбөрийн ногдуулан хураан авах боломжгүй нөхцөл байдал үүсэж иржээ.
Түүнчлэн, Газрын тухай хуульд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумдын газрын даамлын эрх хэмжээнд газрын төлбөрийг ногдуулж, хураахаар заасан боловч газрын даамал нь Татварын ерөнхий хуульд заасан татвар ногдуулах, хураах ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул газрын төлбөр төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн этгээдээс төлбөр хураахад хүндрэлтэй нөхцөл үүсдэг байна. Өнөөгийн байдлаар газрын төлбөрийг сум, дүүргийн газрын даамал хураан аймаг, нийслэлийн төсөвт орлогыг 100 хувь төвлөрүүлж байгаагийн улмаас тухайн сум, дүүрэг бие даан газартай холбоотой үүсдэг тулгамдсан асуудлаа шийдэх санхүүгийн боломжгүй болж, орлого төвлөрүүлэх идэвх санаачилгыг бууруулж байна. Иймээс газрын асуудлаар үүсээд буй хүндрэлийг сум, дүүрэг нь өөрөө шийдвэрлэх боломж олгох, орлого төвлөрүүлэлтийг эрчимжүүлэх зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг тухайн сум, дүүргийн төсөвт хуваарилах нь зүйтэй гэж үзжээ.
Энэ үндсэн дээр газрын бүртгэлийг цахимжуулж ил тод болгох, төлбөр ногдуулах, төлөх харилцааг хялбарчлах, сум, дүүрэг бие даан газрын асуудлаа шийдвэрлэх, газрын төлбөр хураах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах болон Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Мөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Хуулийн дагуу Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд буюу Ирээдүй өв сан корпорац хэрэгжүүлэхээр заасан. Иймд Ирээдүйн өв сан корпорац тогтвортой бие даан үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэлх хугацаанд сангийн хөрөнгийн удирдлагыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх шилжилтийн үеийн зохицуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтийг Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулахаар тусгажээ.
Түүнчлэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан байна. УИХ-аас 2017 онд Зөрчлийн тухай хуулийг батлахдаа Жолоочийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Гэвч Жолоочийн даатгалын тухай хуулийн 22.1.2-т “энэ хуулийн 28.1-д заасан орлогын 50 хувь” гэсэн заалтыг үлдээсэн байх тул түүнийг хүчингүй болгох, мөн хуулийн 22.1.4-т авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувийг Жолоочийн даатгалын санд төвлөрүүлэхээр заасныг хүчингүйд тооцохоор хуулийн төсөлд тусгасан байна.
УИХ-ын Төсвийн байнгын хороо уг асуудлыг энэ сарын 24-ний хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв.
Гишүүд ипотекийн зээл эргэн төлөлт сайтай учир эх үүсвэрийг нь Ирээдүй өв сангийн хуримтлалаас гаргах талаар судалсан эсэх, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмж байгаа ч, хавтгайруулах бус бага тэтгэвэр авч байгаа иргэдийнхийг нэмэгдүүлэх боломж бий эсэхийг тодруулж байлаа. Мөн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шалтгааныг лавласан.
Ирээдүй өв санд 2019 оноос хойш анх удаагаа хуримтлал бий болж, одоогоор 363 тэрбум төгрөг байна. Өмнө нь Хүний хөгжил сангийн 1.2 их наяд төгрөгийн өр байсныг буцааж төлсөн. Энэ мөнгийг дотооддоо оруулах нь хуулиараа хориотой. Учир нь баялгийн хараалаас зайлсхийхийн тулд энэ хөрөнгийг гадаадад урт хугацааны эрсдэлгүй үнэт цаасанд хөрөнгө оруулах эрх зүйн зохицуулалттай. 2030 он хүртэл эндээс нэг ч төгрөгийг зарцуулах боломжгүй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариултдаа, Засгийн газраас сүүлийн гурван жилийн турш инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмэгдүүлж байна. Доод буюу 320 мянган төгрөгийн тэтгэвэр авагчид нь нийт хүмүүсийн 60 хувийг эзэлж байна. Үүнийг 500 мянган төгрөгт хүргэвэл нийт 700 тэрбум төгрөг шаардлагатай байгаа учир төсөв санхүүд хүндрэл үүсэх аюултай. Нөгөөтэйгүүр, доод тэтгэврийг огцом нэмэгдүүлэхэд хөдөлмөрийн үнэлэмж бууруулах эрсдэлтэй гэдгийг анхааруулав. Мөн тэрбээр, малчнаар ажилласан нэг жилийг 1.5 болгохыг хүчингүй болгох талаар бид хуулийн төсөлд оруулсан. Учир нь малчид маань байгалийн хүнд ширүүн нөхцөлд ажилладаг ч тэдний тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулсан тул ажилласан жилийг 1,5-аар нэмэгдүүлж, давхар хөнгөлөлт эдлүүлэхээс зайлсхийсэн гэдгийг гишүүдэд тайлбарлаж байлаа.
Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.