Байгууллагын даргаар дамжуулан ажилчдад эрүүл мэндийн боловсрол олгоно

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-10-25 10:30:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Тэмбүүг устгая” сэдэвт эрчимжүүлсэн сургалтыг Дархан хотноо зохион байгуулж байна. Тус сургалтын эхний ээлжинд хэлтэс, агентлаг, газруудын дарга нарыг хамруулж эрүүл мэндийн боловсрол олгохыг зорьжээ. Бүр тодруулбал аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, хэлтсийн дарга, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, коллежийн захирал дарга нарыг хамруулсан сургалт болж байгууллагын даргаар дамжуулан нийт алба хаагч, ажилчдад эрүүл мэндийн боловсрол олгохыг аймгийн ЭМГ-аас зорьжээ. 

Энэхүү сургалтыг явуулснаар дээрх төрийн байгууллагуудын удирдлагууд албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хувийг нэмэгдүүлж, БЗДХ-т өртөх эрсдэлийг бууруулах, халдварыг эрт үед илрүүлэх мэдлэг хандлагаа дээшлүүлэх бүрэн боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж. 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг баталж БЗДХ-ыг бууруулах зорилт тусгасан байдаг. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа аж
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2019 оны 08 дугаар сарын байдлаар зонхилон тохиолдох бэлгийн замын дамжих халдварын тохиолдол 229 бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 20,8 хувийг эзэлж байна. 
2018 оны мөн үетэй харьцуулахад зонхилон тохиолдох өвчин 50 өвчлөлөөр нэмэгдэж 24 хувиар өссөн байна. Нийтийн өвчлөлийн 21.1 хувийг заг хүйтэн, 42 хувийг тэмбүү, 28.3 хувийг трихомониазын халдвар тус тус эзэлж байна. 2019 оны 8 дугаар сарын байдлаар 1421 эмэгтэй жирэмсний хяналтад шинээр хянагдахад трихомониаз 45, заг хүйтэн 3, тэмбүү өвчин 20 бүртгэгдэн стандарт эмчилгээнд хамруулсан
аж. Харин төрөлхийн тэмбүү өвчний 1 тохиолдол илэрсэн байна. 
Иймээс бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг тасралтгүй олгох нь чухал
гэдгийг аймгийн ЭМГ-ын НЭМТ-ийн дарга С.Энхжаргал онцолж байна.
Цаашид энэхүү сургалтыг үе шаттайгаар үргэлжлэн явуулж нөхөн үржихүйн насны залуучуудад өвчинд өртөх эрсдэлийг бууруулах, мэдлэг мэдээлэлтэй
болгохыг зорьж байна гэлээ.

Холбоотой мэдээ