МУИС, Монос групп, Японы Циклохими компани хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-25 08:59:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэлийн дагуу МУИС үйлдвэрлэл, сургалт, судалгааны Монос групптэй 2011 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж  байна. Хамтын ажиллагааны хүрээнд, энэ удаад Япон улсын нанотехнологийн Циклохими компанийг оролцуулсан 3 талын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Циклохими компани нь Японы Кобэ хотод төвтэй 2002 онд байгуулагдсан, гоо сайхан, хүнс, агрохимийн бүтээгдэхүүн, будагч бодисын үйлдвэрлэл, судалгаа эрхэлдэг технологийн компани юм.

Санамж бичгийн дагуу Монгол орны хатуу ширүүн цаг уурт дасан зохицсон, өөрийн өвөрмөц онцлог бүхий мал, амьтан, ургамал, микро-организмын нөөцөө ашиглан өртөг, мэдлэг, технологи шингэсэн, импортыг орлох, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг 3 тал хамтран судалж, цаашид бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодит боломжийг эрэлхийлэх юм.

Мөн МУИС-ийн оюутнууд Циклохими компанид үйлдвэрлэлийн дадлага хийх, гэрээт болон үндсэн ажилтнаар ажиллаж, технологи, менежментийг нь суралцах, сурсан мэдлэг чадвараа ирээдүйд Монголд нутагшуулах боломжтой болох юм.


Холбоотой мэдээ