Нефтийн үйлдвэрийн ажилчдын хотхон барихад шаардлагатай барааг татвараас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-25 11:08:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төсөлд, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын байр барихад шаардлагатай барааны импортын татварыг буцаан олгохоор зохицуулжээ. 


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулсан нэг тэрбум  236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжид шаардагдах дотоодын аж ахуйн нэгжээс хангагдах боломжгүй импортоор оруулж ирэх бараа, материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, дараа жилийн эхний улиралд багтааж буцаан олгохоор хуулийн төсөл боловсруулсан байна. Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, тус хуулийн төслийг "Батлагдсан өдрөөс дагаж мөрдөнө" гэснийг "2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гарсныг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулав. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Нефтийн үйлдвэрийн ажилчдын хотхон барихад шаардлагатай бараа бүтээгдэхүүн импортлоход энэ жил ямар хэмжээний татвараас хөнгөлж чөлөөлөхийг тодруулж, мөн төсвийн орлогод хэрхэн нөлөөлөхийг лавлав. Түүнчлэн дотоодын барилгын материалын үйлдвэрлэлээс хангах бололцоо ямар байгааг асуув.  Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХКК-ийн захирал Д.Алтанцэцэг, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн менежментийн зөвлөх компанийн ажилчдын орон нутагт ажиллах орчинг бүрдүүлэх хүрээнд хотхон байгуулахаар төслийг боловсруулсан гэдгийг тэмдэглээд, энэ барилга 55-60 мкв талбайтай, ирээдүйд газрын тосны үйлдвэрийн 2800 ажилчдынх болно гэдгийг тодотголоо. Мөн дотоодоос авах боломжтой барилгын материалыг бүх бололцоогоор нь худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдгийг тэмдэглээд татварын хөнгөлөлтөөр энэ жил 2.82 тэрбум төгрөгийг чөлөөлөх тооцоолол байгааг хэллээ. Магадлангаар батлуулсан төсөвт хотхоны тохижилтын асуудлыг тусгаагүй тул, дээрх хэмнэсэн хөрөнгөөр хотхоны зам, талбай, гэрэлтүүлэг тавих, мод тарих зэрэг тохижилтын асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. 


Ингээд Байнгын хорооны "Батлагдсан өдрөөс хуулийн төслийг дагаж мөрдөнө" гэснийг "2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52 хувь нь дэмжив. Тиймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Холбоотой мэдээ